Бусад
REGNUM: Дуутай тэнгэр хургүй, Монголын Ерөнхий сайд суудалдаа үлдлээ

Монгол Улсын парламент арваннэгдүгээр сарын 30-ны оройн 20,15 цаг хүртэл хуралдаж Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ гэж мэдээллийн REGNUM агентлаг дамжуулсан байна.
Хуралдаанд 75 гишүүн оролцохоос 73 нь ирж хэлэлцсэний үр дүнд Ерөнхий сайдын тэргүүлсэн засгийн газар огцролгүй тэсч үлдсэн байна.
“Бид өнгөрсөн хугацаанд маш их зүйл амжуулсан ч хийж дуусаагүй ажил бас байна. МАН, Засгийн газрын сонгуулийн өмнөх хөтөлбөрийг гүйцээхийг эрмэлзэж байна. Гэхдээ бүхий л алдааг нэгэн зэрэг бүгдийг нь засчихаж чадахгүй, цаг хугацаа хэрэгтэй. Би сахилга хариуцлагыг чангатгаж, шударга ёс тогтоохын төлөө, хоёрдугаарт улс орны эдийн засгийг сэргээхийн төлөө ажиллана. Иймд өөрийн зүгээс УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг огцрохыг шаардаж байна. Үүнийг би намын даргын хувьд хэлж байна” гэж Ерөнхий сайд хуралдаан дуусаны дараа мэдэгджээ.
Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын 27 гишүүн санаачилсныг REGNUM үүний өмнө мэдээлсэн. Тэд Засгийн газрыг огцруулах зургаан шалтгаан дурдсан юм. Депутатууд У.Хүрэлсүхийг ЖДҮХС-гаас зээл авсан Засгийн газрын гурван сайддаа арга хэмжээ аваагүй гэж буруутгасан. Мөн монгол-туркийн сургуулийн захирлыг туркийн тусгай алба 2018 оны долдугаар сард хулгайлсан, төрийн албан хаагч ажлын байрандаа алуулсан хэргийг ч бас буруутган дурдсан юм.
Парламентын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах шаардлагаа өргөн барьснаас гурав хоногийн дараа өөр бас 40 гишүүн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг огцрохыг шаардсан бичиг өгсөн. Энд парламентын спикерийг ашиг сонирхлын тухай хууль зөрчсөн, өөрөө ерөнхий сайдыг ажил албанд томилчихоод одоо Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гэж буруутгасан байсан юм. Энэ 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол парламентын чуулганд суухгүй гэж мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын дарга М.Энхболд хариуд нь би хууль зөрчөөгүй гээд депутатуудыг хуралдаанд ирэхийг уриалсан юм.
Засгийн газрыг огцруулах асуудлаар парламент арваннэгдүгээр сарын 29-нд хэлэлцэнэ гэж зарласан ч парламентын спикер Миеэгомбын Энхболд хуралдаанд ирээгүй юм. Монголын хэвлэлүүд, олон нийтийн сүлжээгээр түүнийг үл мэдэгдэх шалтгаанаар алга боллоо гэж бичиж эхэлсэн. Орой болсон хойно түүнийг хуралдааны хоосон танхимд сууж байгааг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд гарч ирсэн юм.
Энэ бүх дуулиан нь хөнгөлөлттэй зээлээс үүдэж гарсан. Монголын парламент, УИХ-ын нийт гишүүдийн бараг гуравны хоёр нь Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь аравдугаар сарын сүүлчээр тодорхой болсон юм. Үнэндээ энэ зээлийг жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч авч чадахгүй байдгаас энэ нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж эхэлсэн. Энэ зээлийн асуудлаас болж ХХААХҮ-ийн сайд, бусад улстөрчид албан тушаалаасаа огцорч, олон нийтийн өмнө уучлал гуйсан юм. Гэвч энэ нь олон нийтэд хангалтгүй санагдан, нийслэлийнхээ төв талбайд цуглаан хийн, олон нийтийн сүлжээгээр “Бид уучлахгүй” гэсэн хөдөлгөөн өнөө хүртэл үргэлжилж байгаа юм.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.