Нийгэм
Нийслэлийн төсвөөс нийтийн тээвэрт өгсөн татаас ЖДҮ-ийн зээлтэй тэнцэж байна

Өмнө бид нэг удаа нийтийн тээврийн автобусны жолооч нар зорчигчдоос бэлэн мөнгө хурааж, ажил олгогдоо дампууруулж байгаа талаар мэдээлсэн. Энэ мэдээллийн араас ул сууртай мэдээлэл бэлтгэн үзэгчдэд хүргэсэн Eagle News телевизийн хамт олонд талархал илэрхийлье.
Сонирхуулахад 2018 онд Нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн газарт 89 тэрбум төгрөгийн татаас өгсөн байна. (Энэ онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өгсөн зээлийн хэмжээтэй дүйж байгааг анзаарна уу) Ирэх жилийн төсөвт энэ мөнгийг 106 тэрбум болгохоор төлөвлөжээ. Энэ бол нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй хувийн болон төрийн өмчийн компаниудын алдагдлыг нөхөхөд зориулан нийслэлийн төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч буй татаас. Автобусны компаниудад нэг автобусанд цагийн 32680 төгрөгөөр бодож дутсан орлогыг нийслэлийн төсвөөс нөхөн олгодог байна. Одоогоор нийтийн тээвэрт 960 автобус явж байгаагийн 660 нь хувийн хэвшлийнх.
Нийслэлийн хэмжээнд автобусны цахим карт хэрэглэж эхэлсний дараа автобус компаниуд ашигтай ажиллаад зогсохгүй өдрийн орлого нь 15-20 сая төгрөгөөр давж биелдэг байж. Харин өнөөдөр 15-20 сая төгрөгөөр тасарч, түүнийг төсвөөс нөхдөг болсон байна. Орлого тасрах болсон шалтааны нэг нь бэлэн мөнгөөр үйлчилж байгаа явдал гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрлөө. Учир нь цахим карт ашиглаж эхэлсний дараа кондукторын ажил хийж байсан, одоо шалгагч нэртэй болсон хүмүүс иргэдэд хяналт тавьж, цахим картыг нь цэнэглэх явуулын үйлчилгээ үзүүлдэг байж. Харин одоо та бүхэн тэдэнтэй барагтай бол тааралдахгүй.
Гэвч нийслэлийн хэмжээнд 400 гаруй шалгагч ажиллаж, сарын 500-700 мянган төгрөгийн цалин авдаг. Тэдний 170 гаруй нь “UB bus consulting” гэх хувийн компанийнх, үлдсэн нь төрийн өмчит компанийн шалгагч нар байдаг гэнэ. Зөвхөн “UB bus consulting” компанид гэхэд сарын 500 саяын санхүүжилтийг нийслэлийн төсвөөс өгдөг. Гэсэн ч автобус компаниудын өдрийн орлого 15-20 саяар тасалдсан хэвээрээ л байна. Учир нь тэдэнд компани алдагдалтай ажиллах эсэх нь хамаагүй, алдагдлыг нь төсвөөс татаасаар хаагаад байгаа учраас тэр шүү дээ. Компаниудын өдрийн орлого 140 сая төгрөг байгаагийн 40 хувийг хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлдэг буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан иргэдэд үйлчилсний төлбөрт өгдөг гэнэ. Нийт зорчигчдын 40 хувь нь ийм байна гэдэгт та итгэх үү? Ядаж л хүн бүр картаа цэнэглээд автобусаар зорчдог болчихвол нийтийн тээврээс нийтийн тээвэрт ажиллагсдын хулгай алга болж, алдагдал нь ашиг болоод зогсохгүй бид ч гэсэн “Автобусаа цэвэрхэн явуулаач ээ, жолооч нарынхаа хирийг угаагаач” гэж хэлэх, шаардах эрхтэй болох нь байна шүү дээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.