Дэлхий дахинд
Дэлхийн хэмжээнд 760 сая хүн туйлын ядуу амьдарч байна
Дэлхийн банк амьжиргааны төвшин тогтоох шугамаа шинэчлэн өдөрт 1.9 ам.доллароос бага мөнгөөр голоо зогоон амьдарч буй хүмүүсийг “үгээгүй ядуу” гэж тодорхойлох болсон билээ. Өмнө нь өдөрт 1.25 ам.доллароос багагүй мөнгө хоногийн хэрэгцээндээ зарцуулж байгаа хүмүүсийг тус банк “үгээгүй ядуу” гэж тодорхойлж байсан юм. 1990-ээд оны үед дэлхийн хэмжээнд 1.9 тэрбум орчим хүн туйлын ядуу амьдарч байсан бол өнөөдөр энэ тоо 760 сая болж буурсан байна. Ямар ч хүн өдөрт 1.9 ам.доллароор хоногийг өнгөрүүлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж болох ч өнөөдөр бодит байдал дээр дэлхийн хүн амын 10.7 хувь буюу 760 сая хүн ийм хэмжээний мөнгөөр голоо зогоож байгаа ажээ. Мөн тус банк дунд болон өндөр орлоготой орнуудын хүн амын ядуурлын төвшинг тогтоох шинэ стандартыг бий болгожээ. Хүн ам нь өдөрт дунджаар 3.2 ам.долларыг хэрэгцээндээ зарцуулж буй Монгол, Аргентин, Камбож, Замби, Тонга, Тунис зэрэг орныг “дундаас доогуур орлоготой улс”, 5.5ам.доллар зарцуулж буй Албани, Бразил, Ирак, Малайз болон Турк зэрэг орныг “дундаас дээгүүр орлоготой улс” гэж тодорхойлсон бол 21.7 ам.доллароос багагүй мөнгийг хоногийн хэрэгцээндээ зарцуулж буй АНУ, Австрали, Канад, Кипр, Грек, Испани, Швед болон Уругвай зэрэг улсыг “өндөр орлоготой улс” гэж тодорхойлсон байна. 1990-ээд оны үед дэлхийн хүн ам 5.3 тэрбум байхад 35 хувь нь “үгээгүй ядуус”-ын эгнээнд орж байжээ. НҮБ “Тогтвортой хөгжлийн зорилтууд” багц зорилтын хүрээнд 2030 он гэхэд үгээгүй ядууралд цэг тавихыг зорьж байгаа билээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ, Гейтсийн сан зэрэг байгууллагууд ядууралтай тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулжээ.
http://www.zehabesha.com/five-countries-are-home-to-760-million-of-the-worlds-poor/