Дэлхий дахинд
Агаарын бохирдлын улмаас жил бүр долоо сая хүн нас бардаг
Польшийн Катавице хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх олон улсын бага хурал болж байгаа билээ. Энэ удаагийн бага хуралд 200 гаруй орны 30 гаруй мянган төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх замын зураг төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлыг тохиолдуулан ДЭМБ-аас Эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай тайланг олон нийтэд танилцуулсан байна. Тайланд дурдсанаар, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий нийтэд тулгамдаад буй томоохон асуудлын нэг болох агаарын бохирдлын улмаас жил бүр долоон сая хүн нас барж байгаа талаар онцолжээ. Түүнчлэн агаарын бохирдлын улмаас дэлхий дахинд 5.1 их наяд ам.доллартай тэнцэх хохирол учирч байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хорт хий ялгаруулагч эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахаас аль болох татгалзахыг уриалжээ. Мөн Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрийн хүрээнд үндэсний хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд чулуужсан түлшний хэрэглээг бууруулах хэрэгтэйг уг тайланд онцлон тэмдэглээд, ингэснээр агаарын бохирдол буурч, олон хүний амь насыг аварч чадна гэжээ. Катовице хотноо болж буй хурлын үеэр ДЭМБ-ийн Олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны асуудал хариуцсан газрын дарга Мариа Нейра хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй хэмээгээд, дэлхийн дулааралтай тэмцэхэд хүчин чармайлт гаргахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.
Эх сурвалж: https://www.dw.com/en/who-7-million-people-dying-yearly-from-polluted-air/a-43611307