Нийгэм
Эрхэм авгай
Дэлхийн элгэнд Монгол Улс туурга тусгаар оршихын тулд ямархан замыг туулж ирснийг гэрчлэх олон зуун эрхэм авгай нар цөм тэнгэрийн орноо заларчээ. Гэхдээ тэд маань од мичдийн гялбаан дундаас хойч үеэ тольдон буй за. Он цаг өнгөрөх тусам Монгол хэмээх гүрэн ийм л улс үндэстэн байсан, энэ чигээрээ л мөнхөд оршин тогтнох юм шиг санах нь дэндүү эмгэнэлтэй. Бас он цаг улирах тусам бид тэднийгээ мартчих гээд байгаа нь нууц биш. Шинэ цагийн Монгол Улсын түүхийн замнал дардан байгаагүй. Ямархан хатуу тавиланг сөрөн байж энэ цагтай золгосныг гагцхүү түүхийн шарласан хуудас бидэнд гэрчлэх бөлгөө. Нөгөөтэйгүүр, мөхөх тийшээ хандаж буй улс үндэстний тоонд хэдийнэ бичигдээд байсан нармай Монголын сэхсэн, өөдлөн дэвжсэн түүхийн нэгээхэн хэсгийг эмэгтэйчүүдийн байгуулсан гавьяа эзлэх учиртай юм. Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил шинэ цагийн Монгол Улсын хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн билээ. Дэлхий дахинаа туурга тусгаар улсаа хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө өдөр шөнөгүй морин дэл дээгүүр давхисан хувьсгалчдын нэг нь ч эмэгтэйчүүд байсан. Бурангуй дэглэмийн үеийн ёс заншлыг халж, хүмүүн төрөлхтөний эгнээнд багтаж, соён гэгээрэх, сурч боловсроход эрчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй байх явдлыг хуульчлахыг төр, засгаас шаардсан нь ч бүсгүйчүүд л байсан. Тийм зоригийг гаргаж чадсан мянга мянган эмэгтэйчүүдийн нэг нь Дамдины Пагамдулам агсан. Цагаасаа өмнө төрж, цагаасаа өмнө харваж одсон эрхэм авгайн талаар өгүүлнэ гэдэг хэрээ мэдэхгүй хүний явдал билээ. Гэвч надад тэрлэх хувь оногдож. Зүсийг нь хараагүй, зүрх сэтгэл рүү өнгийж үзээгүй эрхэм авгай таны амь нас, нэр алдраа золин байж авчирсан төгс төгөлдөр эмэгтэйчүүд шинэ цагийн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн түүчээ нь болж яваа шүү гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Харамсалтай нь бурангуй нийгмийн дарлалаас эмэгтэйчүүдээ чөлөөлөхийн төлөө , тэднийг соён гэгээрүүлэхийн төлөө хэрхэн сэтгэл оюунаа зориулж явсныг тань хойч үеийнхэнд хэлээд өгөх гэрч өдгөө бидний дунд үгүй болжээ. Түүхийн шарласан хуудсыг эргүүлэх л үлдэж. Их зохиолч Д.Нацагдоржид хайраа өгснөөр буруутан болов уу, эсвэл эмэгтэйчүүдийн эрх чөлөөт амьдрал, сурч боловсрох, эрх тэгш эрхийн төлөө дуу хоолой болж явсныхаа төлөө бусдад адлагдан, нүд үзүүрлэгдсэн ч гэлээ шинэ цагийн Монгол Улсын сайн сайхны төлөө цацсан үр нь өдгөө эх орны минь өнцөг булан бүрт багцаа даахгүй болтлоо соёолон ургажээ , эрхэм авгай минь.
Та Монголын эмэгтэйчүүдийн Холбоо гэх их өргөөний хойморт сэрүүн тунгалаг хэвээр, үйл хэрэг тань үргэлжилсээр . Таны санаачилан байгуулсан “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” хэмээх эмэгтэйчүүдийн ууган байгууллага 94 жилийн турш тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, өдгөө ч түүхэн үүргээ гүйцэтгэсээр байнам. Харин та бидний дунд гэгээн дүрээрээ алга. Ингэхэд та минь хэн байсан юм бэ. Ямархан тавилангийн эзэн нь байв аа.
Эрт харвасан “Алаг сайд”
Үүнээс өөр тодотгол үгүй мэт. Цэл залуухан, жинхэнэ монгол төрх бүхий эмэгтэйн хөрөг өмнөөс минь мишээнэ. Өмссөн даашинз, гоёл зүүсгэл нь орчин цагийнх шиг хээнцэр. Гэвч он цагийн тоолол 1924 он. Мэдлэг боловсролын тухайд эдүгээ ч түүнтэй мөр зэрэгцэх нь цөөн байж мэднэ. Богд хаант Монгол Улсын үеийн эмэгтэй гэхэд харганы ноосон дундаас зүү хайхтай адилтгаж зүйрлэхүйц эрхэмсэг авгай та / 1905-1907/ онд мэндэлжээ. Түүнийг тухайн үеийнхэн ийн авгайлан хүндэтгэдэг байж. Түүнийг сайд явсан талаар тодорхой баримт байдаггүй ч гэрчлэх хүний яриа үлджээ, хойч үеийн бидэнд. Тодруулбал, Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд асан Гомбо гуай нэгэн дурсамждаа “Манай Пагма чинь Автономит Монгол Улсын Да хүрээний хэргийг шийдэх газрын гутгаар сайдаар ажиллаж байсан юм”хэмээн өгүүлсэн байх тул Монголын эмэгтэйчүүдийн холбоог үндэслэгч, Д.Пагамдулам агсныг тухайн цаг үеийнхний хүндлэлээр Алаг сайд хэмээсэн хэрэг.
Дамдин бол түүний өргөж авсан эцэг. Хөрөнгө бэл сайтай, язгуур гарал өндөртэй тайжийн хувьд тэрээр өөрөөр нь овоглосон охиноо эрдэм номтой хүн болгохыг зорьж, тусгайлан багш залан гэрээрээ манж, монгол бичиг заалгажээ. Ардын хувьсгал ялсны дараа шинэ Засгийн газар байгуулагдсан даруйд шинэ цагийн Монгол Улсыг авч явах залуучуудыг боловсруулах асуудалд ихээхэн анхаарч хорь гаруй залууг ЗХУ –д сургахаар илгээсний дунд хоёрхон эмэгтэй байсны нэг нь Пагамдулам агсан. Тэрээр 1925 онд Ленинград хотноо суралцаж байгаад нөхөр Д.Нацагдоржийн хамтаар Германы Лейпциг хотноо суралцахаар очихдоо Эмэгтэйчүүдийн дээд сургуульд элсэн суралцаж байгаад 1929 онд эх орондоо дуудагдан ирсэн байдаг. Энэ үеэс л түүний хар дарсан зүүд бүхий амьдрал эхэлсэн юм билээ. Магадгүй амь гарахын эрхэнд хайртай ханиасаа хөндийрөх хэрэгтэй болж, харь эрийн нөмөрт толгой хорогдсон байхыг үгүйсгэх аргагүй. Гэвч үүнийг нь хэн ч нотлоогүй. Д.Пагамдулам нийгмийн сайн сайхны төлөө хэдхэн жил идэвхитэй амьдрахдаа өөрөөс шалтгаалах бүхнийг хийснийг түүх гэрчилж байна. Цаг цөвүүн байгаагүйсэн бол тэр илүү ихийг бүтээх байсан нь гарцаагүй. Пагамдулам хилийн чинадад сурч, галуу шувууны мах идсэний хэрээр нүд нь нээгдэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагыг санаачилан байгуулсан хэрэг бус. Түүний ухааны цар холыг харж чадсан учраас л охид, эмэгтэйчүүдийг юун түрүүнд бурангуй нийгмийн дарангуйлалаас салгахыг хичээсэн буй за. Түүний хувьсгалт үйл хэрэгт хэрхэн оролцож эхэлсэн талаархи баримт одоогоор алга. Гэвч түүхийн хуудаснаа ийм нэгэн баримт дурайх. Сургуульд явахаасаа өмнө буюу 1924 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Хаснавч,Бадамжав, Пагамдулам нарын эмэгтэйчүүд хуралдаж, Намын төв хорооны шийдвэрийг үндэслэн “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” –ийг байгуулан эрхлэгчээр нь Пагамдуламыг сонгосон аж. Энэ л чухам эдүгээгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны үндэс суурь юм. Пагамдулам авгай хэдийгээр эмэгтэй чүүдийн байгууллагыг богино хугацаанд удирдсан ч гэлээ Монголын эмэгтэйчүүдийг сурч боловсрох эрхээ эдлэхийг уриалаад зогсохгүй соён гэгээрэхийг биеэрээ үлгэрлэн харуулсан бодит ажлуудыг санаачилан зохион байгуулсан нь хэсэг бүлэг хүмүүсийн атаархлыг төрүүлсэн хэрэг. Чухам энэ үеэс л түүнийг хавчлага мөрдлөгө зогсоо зайгүй дагасан биз. Үүнийг гэрчлэх баримт мөн л дэлгээстэй байна. Харин түүний хэрхэн шаналж, торны цаана хэрхэн амь дүйцсэн хоног өдрүүдийг барж байсан тухайд хэн ч мэдэхгүй. Зовлонгоос нь хуваалцаж явсан анд нөхөр байсан эсэх нь эзэнтэйгээ хамт булшлагджээ. Гэвч сайн санаат хэн нэгний буянаар Д.Пагамдулам гэж хэн явсныг гэрчлэх баримт цөөн ч болов үлдсэн нь яамай. Баримтуудын ихэнх нь өгүүлэх төдий. Дандаа эрэл хайгуулыг араасаа дагуулсан байх жишээний. Хожмын өдөр судлаачид үнэнийг тогтоох нь гарцаагүй. Бидэнд олдсон мэдээллээр, “ 1925 оны тавдугаар сарын 20-ны өдөр Москва хотноо зохион байгуулагдах Эв хамт намын их хуралд төлөөлөгчдийн дунд Нацов, С.Янжин, Д. Пагамдулам нарын нэрс байх авч Д.Пагамдуламын тухайд оролцсон тухай баримт алга. Түүнчлэн мөн оноо товлогдсон Дэлхийн эмэгтэйчүүдийн хуралд С.Янжин, Д.Пагамдулам нар оролцохоор болсон ч Пагамдулам тодорхой бус шалтгаанаар оролцож чадаагүй, С.Янжин оролцсон тухай мэдээлэл л үлджээ. Эл баримтаас гадна эмэгтэйчүүдийн дуу хоолой болж явсныг нь илэрхийлэх баримт “Ардын эрх” сонины хуудаснаа өнөөдөр ч дурайсаар. “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг”-ийн эрхлэгч Д.Пагамдулам 1924 оны долдугаар сарын 18-ны хуралдсан Намын II Их хурлын индэр дээрээс “.., Ардын засаг байгуулан олон бүсгүйчүүдийг эрдэм соёлд боловсруулан, эрх чөлөөг эдлүүлж, эрэгтэй эмэгтэй хэмээн ялгаварлахгүй, эртний бүдүүлэг суртлыг устгасны учир бидний бүсгүйчүүдээс Ардын намын гишүүн болж, үзэл суртал лугаа танилцаж …, “ буй хэмээсэн байх жишээний. Мөн намынхаа гурван жилийн ойн баярын хурал дээр “ …, Урьд эзэрхэг засгийн үед бидний эхнэр, охидыг …, хэзээ ямагт боол шивэгчин адил хүмүүний үүдэнд зарцлагдах буюу богтлогдсон эр дор дарлан доромжлох зэргээр өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч , Европын боловсон улсын эхнэр, охидын адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм соёлд боловсорч…, өөрийн эрх чөлөөг олж …, ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия” гэж онцолж байжээ.
Д.Пагамдулам 1924 оны МАН-ын III Их хурлын индэр дээрээс “Ардын засаг байгуулснаас нааш ард түмнийг удирдаж, гэгээрүүлэх эрх чөлөөг эдлүүлэн энх төвшинөөр мандуулж бүхий ба ялангуяа эмэгтэйчүүдийг нигүүлсэн үзэж, элдэв эрдэм соёлд сургаж, улс төр ба аливаа хэрэгт оролцуулан хүмүүний зэрэгт хүргэн бүхий дор бидний олон эхнэр охид их л баярламуй. Учир юу хэмээвээс урьд эзэрхэг засгийн үед бидний эхнэр, охидыг хүмүүний тоонд оруулах нь байтугай тахиа шувууны төдий үзсэн газар үгүй, хэзээ ямагт боол, шивэгчин адил хүмүүний үүдэнд зарцлагдах буюу богтлогдсон эр дор дарлагдан доромжлогдох зэргээр өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч Европын боловсон улсын эхнэр, охидын адил адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм сурталд боловсорч чинад дор өөрийн эрх чөлөөг олж чадах дор ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия. Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээснээс гадна Ардын хүүхдийн танхим байгуулах, эмэгтэйчүүдийн улаан гэр байгуулах зэрэг санаачилга гаргажээ. Түүний тасгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа гаргасан санал санаачилгыг Намын төв хороо үндэслэн Эмэгтэйчүүдэд эрх, эрх чөлөөг олгох тухай бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлсэн байдаг. Түүнчлэн Бүсгүйчүүдийн тасгаас Ерөнхий сайд Цэрэндоржийг Улаанбаатар хотын энгийн бүсгүйчүүдийн анхдугаар бүгд хуралд урьж, илтгэл тавьж, ший жүжиг үзүүлсэн байна. Үүний дараа Засгийн газрын 40 дүгээр тогтоол гарч, “…, сүй богт гэж адгуус мал мэт худалдах, ..: албадан эзэрхэж, дарлан өгч, авалцах явдлыг шууд зогсоож…, мөн “…, Гэр бүлийн хуулийн гуравдугаар зүйлийг бүрнээ засамжлан эр эм бололцохыг 18 насаар тогтоох, эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалахын тулд Шүүх таслах газруудад эмэгтэйчүүдийг ажиллуулах, эмэтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалах талаар олон түмэнд ухуулан сэнхрүүлэх “Улаан гэр”, “Улаан булан” зэргийг байгуулах чиг үүрэг өгсөн байдаг. “Алаг сайд”-ын маань чинхүү хүсэл, биелэл болсон төдийгүй 94 жилийн турш шинэ цагийнханд дээрх заалт үйлчилсээр байгаа билээ.
Эрт харвасан од
Эгэл мөртөө эгэлгүй нэгэн цагаасаа эрт төрж, цагаасаа эрт буцсан нь түүх гэрчилэх ажгуу. Гэхдээ тэрээр бүсгүйчүүд бидний дуу хоолой, нүүр царай, ирээдүйдээ итгэх итгэл минь болж чадсан гэдэгтэй энэ цагийнхан ч санал нэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. Сайхан хүний үрийг хайрласныхаа төлөө, бусдаас түрүүлж оюуныхаа мэлмийг нээснийхээ шанг дэндүү хатуу хүртээжээ. Түүний гэрэлтүүлсэн замаар мянга мянган эмэгтэйчүүд алхаж, харанхуй бүдүүлэг гэгдэж явсан нүүдэлчин Монголын охид, бүсгүйчүүд эдүгээ дэлхийд мөрөө гарган алдраа дуурсгаж явна. Харин бидний мартах учиргүй тэр нэгэн гайхамшигт од, “Алаг сайд” маань тэнгэрээс чимээгүйхэн тольдон байнам. Түүнд хүрээ хүүхэн Пагамдулам, сайхан хүүхэн Пагамдулам гэхээс өөр нэр цол алга. Түүний хичээл зүтгэлийг Монголын төр эдүгээ ч үнэлсэнгүй. Түүнд энгэртээ гялалзуулах одон тэмдэг байгаагүй. Хэн ч түүнд хайр энэрлийн гараа сунгаагүй гэлтэй. Бүр сүүлд 2016 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт тэмдгээр нэхэн шагнасан аж. Энэ бол ХХ зууны төрийн алдаа. Д.Пагамдуламыг үзэн ядаж, мартахыг хүссэн байж болох ч шинэ цагийн Монгол Улсын охид, бүсгүйчүүд түүнийг мартахгүйгээр үл барам сэтгэлийнхээ гүнд хайрлан дурсах учиртай болов уу. Ийм нэг эрхэм авгай байсан учраас та бид өнөөдөр эрчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй байгаа билээ.
Ч.Чулуунцэцэг
Нийгэм
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн.
Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт газар хөдөлжээ.
Газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр18 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр18 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
-
Нийгэм21 мин өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм12 мин өмнө
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ