Дэлхий дахинд
Иранаас хөөрсөн Украины онгоц осолдлоо
180 зорчигч тээвэрлэсэн Украины онгоц Ираны нийслэл Тегеран хотоос өнөөдөр хөөрөөд удаагүй байхдаа осолджээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр Иман Хомейни нисэх буудлаас хөөрсөн тус “Боинг 737” онгоц Тегераны ойролцоох Паранд хотод унасан байна.
Украины олон улсын агаарын тээврийн 752 дугаар нислэг Тегераны цагаар 05:15 цагт хөөрөх хуваарьтай байв. Гэтэл онгоц хөөрөх хугацаанаасаа бараг 1 цаг хойшилж 06:12 цагт хөөрсөн ба дэлбэрэлт болохоос өмнө бүдэг гэрэл асаж байжээ.
Ираны агаарын тээврийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Реза Жафарзадех “Мэдээлэл гарсан даруйд үндэсний агаарын тээврийн шуурхай алба ослын газарт шуурхай очсон. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв.
Энэхүү явдал Иранаас Ирак дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин хөөргөснөөс хэдхэн цагийн дараа болсон юм.