Дэлхий дахинд
Австралид 24 хүнийг санаатайгаар түймэр тавьсан хэрэгт буруутгажээ
Австрали улсад өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ган гачиг, хэт халалтын улмаас түймэр дэгдэж, газар аваад байгаа билээ. Зөвхөн уур амьсгалын өөрчлөлт бус хүмүүсийн шууд нөлөө түймэр тархахад нөлөөлсөн талаар тус улсын эрх баригчид өчигдөр мэдээллээ.
Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн газар 2019 оны арваннэгдүгээр сарын 8-наас хойш түймэртэй холбоотой асуудлаар 183 хүнд хэрэг үүсгэн, хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс 40 нь өсвөр насны хүүхэд байсан гэнэ.
Цагдаагийн газраас 53 хүнд галын хоригийг сахиагүй хэмээн анхааруулга өгсөн бол 47 хүнийг чүдэнз, тамхины ишээ унтраалгүй хаясан гэх гэмт хэрэгт буруутгажээ. Үүнээс гадна 24 хүнийг санаатайгаар түймэр тавьсан хэрэгт буруутган баривчилсан байна.
Одоогоор түймрийн улмаас 2500 гаруй байшин барилга шатаж сүйдэн, 24 хүн амиа алдсаны дээр хагас тэрбум ан амьтан устаж үгүй болоод байгаа юм.