Өглөө, оройд, дулаан гэрээс гарах үедээ амны хаалт зүүхийг зөвлөж байна. Ингэхдээ бидний дунд түгээмэл байдаг энгийн материалтай бус уушгины хамгийн гүнд нэвтэрч ордог pm 2.5 тоосонцрын эсрэг шүүлтүүртэй, нүүр амны хэлбэрт таарсан вакум орчин бүрүүлдэг амны хаалт сонгох хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюун-Эрдэнэ “Ижил цаг хугацаанд зориулалтын маск хэрэглэсэн болон хэрэглээгүй хоёр хүн явж байхад маск хэрэглээгүй иргэн илүү их бохирдуулагчийн нөлөөлөлд өртдөг. Тиймээс маскаа зөв сонгон бохирдол ихтэй газруудад зүүх нь өвчлөлд өртөх эрсдэлийг бууруулах боломжтой” хэмээх тайлбарыг өглөө.
Амны хаалт зүүх нь зөвхөн өртөлтөөс өөрийгөө хамгаалах арга болохоос агаарын бохирдол буурахад нөлөөлөхгүй нь тодорхой. Тиймээс гэр хорооллын айл өрх галлагаандаа түүхий нүүрс ашиглахгүй байх, өндөр насжилттай автомашин унахгүй байх зэргээр өдөр тутмын амьдралдаа агаар бохирдуулагч эх үүсвэр бага гаргах хэрэгтэй.
Гадаад орчны агаарын бохирдлоос сэргийлэх бусад арга нь агаарын чанарын индексийн мэдээллийг тогтмол харж, зөвлөгөөг дагах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, амралтаа зөв зохицуулах замаар биеийн дархлаагаа дэмжих зэрэг юм.