Дэлхий дахинд
Хятадад коронавирусний улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ
Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас дахин нэг хүн нас барсан талаар Хятадын Хубэй мужийн Ухань хотын Эрүүл мэндийн газрын удирдлагууд пүрэв гарагт албан ёсоор мэдээлжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд бие нь тавгүйтсэн 69 настай эрэгтэйн биеийн байдал дөрөв хоногийн дараа улам дордож, лхагва гарагт Ухань хотын эмнэлэгт нас барлаа гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.
Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол анх Ухань хотод бүртгэгдсэн бөгөөд пүрэв гарагийн байдлаар 41 хүнд халдварлажээ.Тэдгээрээс хоёр хүн нас барж, таван хүний биеийн байдал хүнд байгаа бол 12 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ.
Хятадад Цагаан сарын баяр ирэх долоо хоногийн баасан гарагаас эхлэн долоо хоногийн турш үргэлжлэх тул холбогдох албаны төлөөлөгчид дотоод болон гадаадын шилжилт хөдөлгөөний хяналтыг чангатгахаар төлөвлөсөн байна.
Өчигдөр Японд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Канагава мужид амьдардаг Хятадын иргэн Ухань хотод очоод ирсний дараа түүнээс уушгины хатгалгааны шинж тэмдгүүд илэрчээ.