Дэлхий дахинд
Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин жилийн дараа л бэлэн болж магадгүй
БНХАУ-ын Ухань хотод шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ. Ухань хотын Эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд энэ сарын 13-нд шинэ вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор Ухань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүндхэн байгаа талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооноос албан ёсоор мэдэгдсэн. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай ажлын хэсэг өнөөдөр Женев хотноо хуралдаж, шинэ төрлийн титэм вирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээний онц байдал зарлах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байна. Үл мэдэгдэх вирусийн халдвар сүүлийн хэдхэн хоногт эрчимтэй тархаж буйтай холбогдуулан Ухань хотод энэ вирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулан есөн тусгай эмнэлэг байгуулжээ. Үүний зэрэгцээ тус хотын 61 эмнэлэг энэ вирусээр халдварласан байж болзошгүй өвчтнийг хүлээн авч байна. 11 сая хүн амтай Ухань хот нь тээврийн зангилаа хот бөгөөд Хятадын Цагаан сараар тус хотоос бусад хот руу чиглэсэн нийт 2131 нислэг, олон улсын 205 нислэгийн хуваарь байна.
Вирусийн голомт, эх үүсвэр, халдварлах зам тодорхойгүй
Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос өнгөрсөн ням гарагт вирусийн эх үүсвэр болон халдварлах замыг тогтоогоогүй гэдгээ мэдэгдсэн. Одоогоор коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчтэй хүмүүсийг эмчилж байсан эмнэлгийн ажилтнууд уг вирусээр халдварлаад байгаа учраас хүнээс хүнд халддаг гэдэг нь батлагдаад байгаа юм.
Вирусийн эсрэг вакцин байхгүй
Вирусээр халдварласан тохиолдолд халуурах, амьсгал давчдах, ханиалгах зэрэг уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдэг илэрдэг. Вирусийн голомт, халдварлах байдал, яг ямар төрлийн короновирус вэ гэдгийг тодорхойлж чадахгүй байгаа учраас одоогоор ямар ч вакцин алга. Хэдийгээр АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн шинэ төрлийн короновирусийн эсрэг вакцин боловсруулахаар төлөвлөж байгаа ч клиникийн судалгаа шинжилгээний олон сар үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа л хэрэглэх боломжтой болж магадгүй гэнэ. Ямартай ч Хятадын Засгийн газраас халдваргүйжүүлэлтээ эрчимжүүлээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж
-Хүнсний зах, мал амьтны боловсруулаагүй бүтээгдэхүүн худалдаалдаг зах, газруудаар аль болох үйлчлүүлэхгүй байх.
-Ханиад, томуу болон амьсгалын замын халдварт өвчин туссан тохиолдолд бусдад халдаахгүйн тулд амны хаалт зүүж, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
-Өвчний сэжиг бүхий хүнээс хол байж, гараа тогтмол угаах
-Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөх зэрэг зөвлөмж өгчээ.
https://www.channelnewsasia.com/news/asia/wuhan-pneumonia-virus-outbreak-china-what-we-know-12287704
https://edition.cnn.com/2020/01/19/asia/china-coronavirus-spike-intl-hnk/index.html