Дэлхий дахинд
“Транс Монгол” буюу Москвагаас Бээжин хүрсэн нь
Дэлхийн 80 гаруй улсаар галт тэргээр аялсан сонирхолтой нийтлэлээ “Тhe Guardian” сонинд хэвлүүлдэг Мониша Ражешийн “Транс Монгол” тэмдэглэлээс хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр Москвагаас Бээжин хүртэл хоёр тив дамнан аялахыг эртнээс мөрөөджээ. Мониша Ражешийн тэмдэглэлд “Би Энэтхэг орноор 2010 онд галт тэргээр аялсан юм. Галт тэргээр аялахад тухайн улсын байгаль, энгийн иргэдийн амьдралыг дотор нь орсон мэт мэдэрдэг. Тиймээс дэлхийн төмөр замын сүлжээнд нэгдсэн 80 улсаар галт тэргээр аялах төлөвлөгөө боловсруулж, зорилгоо биелүүллээ. Лондоноос Парис хүртэлх “Евростар” галт тэрэгний нэг талын тасалбар зэрэглэлээсээ хамаарч 44 фунт стерлингээс эхэлнэ. Европын 31 улсаар нэг сар аялахал 260 фунт стерлинг зарцуулдаг. Итали, Швейцар, Герман, Польш, Литва, Латвиар дайран Оросын нийслэлд ирэхэд В.Путин Кремлиэс гарсан гэх шалтгаанаар Москвагийн хамгаалалтыг чангатгажээ.
Долоо хоногийн өмнө Москвагийн галт тэрэгний зогсоолоос Монгол Улсыг зорихдоо “Төмөр замын загалмайлсан эцэг” гэгддэг алдарт Транс Сибириэр аялах гэж буйдаа өөртөө ч итгээгүй. Эндээс Монгол, Хятад, Вьетнамыг зорьсвн аялал минь эхэлсэн. Эрхүү хот хүрэх дөрвөн хоногийн урт аяллаа “Дайн ба энх” зохиолоор эхлүүллээ. 8000 гаруй километр үргэлжлэх энэ төмөр замыг 200 гаруй жилийн өмнө Оросын III Александр хааны зарлигаар 15 жилийн дотор тавьжээ. Сибирийн замыг барьсан хугацаа нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн гайхширалыг төрүүлэхүйц билээ. Өмнөд Уралд байрлах Миасс хотоор дамжин Владивосток, Номхон далайн эрэг дээр орших Порт-Артур хот хүртэлх төмөр замыг арван гуравхан жилийн дотор барьсан байх юм. Харин одоо Транс Сибирийн төмөр зам бол адал явдал хайгч, аялагчдад хэдийнэ танил болсон маршрут. Ихэнх аялагнийн адил би Эрхүү хотод бууж, Байгаль нуураар аялсан юм. Европ, Америкийг төмөр замаар туулсан надад Оросын нарс модны анхилуун үнэр талын салхиар солигдоход сонин мэдрэмж төрж билээ.
Эндээс Монголын галт тэргээр Улаанбаатарыг зорив. Монголд таван өдрийн аялал төлөвлөсөндөө харамссан шүү. Оросоос дутахгүй уудам нутагтай энэ орноор таван өдөр аялахад хангалтгүй. Улаанбаатарын хамгийн алдартай “Номадс” ресторанд ороход ажил хэрэгч хувцасласан залуус “Жонни Уолкер” шимэх нь орчин үеийн нүүдэлчдийн амьдралын хэв маяг байв. Улаанбаатараас Бээжинг зорих замд тэмээ, тэртээд харагдах гэрээс өөр анхаарал татах зүйл үгүй. Европоос зургаан мянган километрийн алс Монголд цаг хугацаа, орон зай гэсэн ойлголт замхарч, байгальтай илүү ойртож, холбогдож байх шиг санагдсан.
Харин Хятадын нийслэлд ойртоход сурталчилгааны самбарууд олширч, төмөр замтай тулгах шахам хагалсан тариалангийн талбай жирийж харагдав. Галт тэрэг Монголын замд давхихаасаа илүү хурдлах ч шиг. Хүмүүсийн дуу чимээ, хэрүүл шуугиантай Бээжингийн галт тэрэгний буудал намайг угтав. Энэ бол Монголоос тэс өөр ертөнц байлаа.
Нуулгүй хэлэхэд миний аялсан 80 улсаас “Транс Монгол” маршрут жинхэнэ аялал байсан юм. Тал, говь, гол, уул, огтхон ч судлаагүй мэт нутаг дэвсгэр, мөнхийн цэвдэгтэй хөрс бүхий газрыг дайрах Монголын төмөр замыг Транс Сибирьтэй адил богино хугацаанд тавьжээ” гэсэн байна.
Ташрамд дурдахад, Мониша Ражеш аяллын тэмдэглэлээ эмхэтгэсэн номын нээлтээ өчигдөр Лондонд хийжээ.