Нийгэм
Нийслэлийн хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой байна

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгээр нийслэлийн хөрсний өнөөгийн байдал, цаашид хэрхэх тухай асуудал дэвшүүлсэн юм.
Улаанбаатар хотын хөрснөөс авсан дээжийн 88 хувьд нь нянгийн бохирдол илэрч, их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсоныг судлаачид хэллээ. Хотжилтоос үүдсэн хөрсний бохирдол, эрүүл ахуйн асуудалд эн тэргүүнд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол аюулын харанга дэлдэж байгааг ч онцлов. Нийслэлийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг ч мөн хийсэн байна.
Барилгын салбарт ашиглагддаг ашигт малтмалын олборлолтоос хотын ойр орчмын газрын хөрс ихээхэн эвдэрч сүйджээ.
Эдгээр судалгаанд үндэслэн нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон байгууламжид бохирдлыг сайтар шингээдэг мод, бут тарих, ургамлын төрөл зүйл нь цөөрсөн зарим газруудад зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэхдээ “Ургамлын төрөл зүйл нь цөөрсөн, ядмаг болсон газруудад зөгийг ашиглана.
Загвар төслийг Их, Бага Баяны орон нутгийн хамгаалалттай газар буюу Сэлбэ голын эсав газарт хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ирэх жилээс хувийн хэвшил, зөгий үржүүлэгчдийг дэмжиж, хамтарч ажиллана. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс голын хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхүүдийг битүүмжлэлгүй жорлон ашиглахыг хориглосон” гэв.
Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй нь нүхэн жорлон болон хог хаягдлын асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэр хороололд 800 мянган айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг.
Одоогийн байдлаар хотын хэмжээнд нийт 190,000 нүхэн жорлон байдаг. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо гэсэн судалгаа гарчээ.
Нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгааг судлаачид хэлсэн. Мөн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдож байна.
Тиймээс хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх, шат шатанд хяналтын тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа талаар хэлэлцүүлэгт оролцогчид асуудал дэвшүүллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.