Шинэ төрлийн коронавирус тархсан тухай анх олон нийтэд анхааруулж байсан эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас баржээ.
34 настай Ли эмч шөнийн 02:58 цагт амьсгал хураасан гэж Хятадын “People’s daily” агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд Ли Вэнлянь сургууль хамт төгссөн эмч нартаа SARS-тай адил төрлийн халдвар авсан 7 хүн байна, урьдчилан сэргийлэх үүднээс хамгаалалтын хувцас өмсөөрэй хэмээн анхааруулж байжээ. Тухайн үед тэр өөрөө Ухань хотын төв эмнэлэгт ажиллаж байсан юм.
Үүнээс дөрвөн өдрийн дараа түүнийг Хятадын олон нийтийн аюулгүй байдлын газар дуудаж, баримт бичигт гарын үсэг зурахыг шаардсан байна. Ли эмчийг олон нийтийн дэг журмыг зөрчиж, “худал мэдээлэл” тарааж байна гэх хэрэгт буруутгажээ. Түүнийг коронавирусийн тухай мэдээллийг задруулахгүй байхыг үүрэгдэж, ам өчгийг нь бичгээр авч байсан гэнэ. Энэ тухай тэрбээр өөрийн “Weibo” цахим хуудсандаа бичсэн аж.
Өмнө нь өвчний талаар цуурхал тарааж байгаа 8 эмчийг шалгаж байна гэж цагдаагийн газраас мэдээлж байв. Сүүлд орон нутгийн эрх баригчид Ли эмчээс уучлалт гуйсан байна.
Ли эмч нэгдүгээр сарын 10-нд ханиалгаж эхлээд дараагийн өдөр нь халуурчээ. Ингээд хоёр хоногийн дараа эмнэлэгт хэвтсэн байна. Энэ үеэр Хятадын засгийн газар эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан хүн байхгүй гэсэн мэдээллийг цацсаар байсан гэнэ. Түүнийг нэгдүгээр сарын 30-нд коронавирусийн халдвар авсан хэмээн оношилжээ.
Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан эмч нас барсанд ард иргэд эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC