Дэлхий дахинд
ХӨСҮТ: БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа
Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. Тухайлбал 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл титэм вирус илрээгүй. Харин H3N2 вирус илэрсэн.
Мөн хоёрдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэний хариу сөрөг гарсан.
Хоёрдугаар сарын 9-нд тусгаарлагдсан нэг тохиолдол байгаа. Энэ иргэний түүхийг нь авч үзвэл нэгдүгээр сарын 29-нд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Уг иргэний хариу мөн сөрөг гарсан. Түүнээс А хүрээний H3N2 вирус илэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн оюутнууд хянагдаж байна. Бид хүчээ сулруулахгүй ажиллах нь хамгийн чухал байна.
Д.Сарангэрэл сайд цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх санал гаргасан. Хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гарвал хүн болгонд хэрэгтэй. БНХАУ цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Улмаар иргэдийн хөдөлгөөн бөөгнөрөл нь уг өвчнийг олон мужаар дамжин тархахад нөлөөлж нэг алдаа болсон. Тиймээс манай улсын иргэд ч цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй” хэмээлээ.
ДЭМБ-аас маргааш 500 ширхэг коронавирусийн оношлуур ирэх юм байна.