Дэлхий дахинд
Коронавирусийн халдвар авсан хүний тоо Японд нэг дор 65-аар нэмэгджээ
Японы Токио хотын ойролцоо хөл хорионд орсон аяллын хөлөг онгоц дээрх 65 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь өчигдөр /2020.02.10/ тогтоогдлоо. Ингэснээр өмнө нь илэрсэн 70 өвчтөнийг нэмээд тус хөлөгт нийт халдвар авсан хүний тоо 135 болжээ. Ийнхүү Хятадаас өөр улсад коронавирусээр өвчилсөн хамгийн олон тохиолдол Японд бүртгэгдлээ.
“Diamond Princess” нэртэй хөлөгт нийт 56 улсын 3711 хүн байгаагаас 2666 нь зорчигч, 1045 нь хөлгийн багийн гишүүд юм. Нийт зорчигчдын хагас нь 70 болон түүнээс дээш настай тул халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Онгоцыг доод тал нь хоёр долоо хоног буюу хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болоод буй.
Коронавирусийн далд үе 14 хоног тул зорчигчдыг өрөөнөөсөө ч гарахгүй байхыг шаардаж байгаа аж. Хөлөг дээр байгаа 60 настай эрэгтэй NHK-д ярихдаа “Мэдээлэл хомс байгаа. Хэзээ хөлгөөс буухаа мэдэхгүй байна. Маш их санаа зовж байна” гэжээ. Өөр нэгэн зорчигч “Нөхцөл байдал улам дордож байна. Хөлгийн багийн гишүүд өрөөнүүдийг цэвэрлэх боломжгүй болсон. Компьютер хэрэглэх боломжгүй байгаа. Зөвлөх үйлчилгээ нь зөвхөн Англи хэл дээр явагддаг” хэмээн ярьжээ.
Хонконгийн 80 настай иргэн энэхүү хөлгөөр зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусийн халдвар илэрсэн юм. Тиймээс уг онгоцыг Японд ирэхэд нь хөл хорионд оруулаад байна. Эмч нар хоёрдугаар сарын 3-наас хойш эхний ээлжид коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулж эхэлсэн аж. Японы эрх баригчид шаардлагатай бол хөл хорионы дэглэмийн хугацааг сунгаж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: NHK