Дэлхий дахинд
Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас анхааруулж байна
БНСУ-д шинэ коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж буй энэ цаг мөчид Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байгаа иргэддээ хандан анхааруулга гаргасан байна. Анхааруулгад “Ялангуяа умард Гёнсан муж, Дэгү хотод халдвар авч буй хүний тоо өндөр байна. БНСУ-ын Онцгой байдлын комисс, Нэгдсэн удирдлагын төв нөхцөл байдалд бүрэн хяналт тавьж, эмнэлгийн байгууллагууд халдвар тархалтыг тогтоох, халдвар авсан хүмүүсийг тогтоох, эмчлэх ажлыг эрчимтэй хийж байна.
БНСУ-ын Халдварт өвчин үндэсний судлалын төвөөс нийт хүмүүст хандаж эрүүл мэндийн зөвлөмжийг сайн мөрдөж, албан ёсны мэдээллийн суваг ашиглахыг байнга зөвлөж байгаа юм. Монгол Улсын иргэд халдварын голомт хот, муж дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцгой шаардлагагүй бол эмнэлгүүдээр явахгүй байх нь зүйтэй юм. БНСУ-д эмчлүүлж байсан манай улсын нэг иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон. Өвчтөнийг тусгаарлан эмчилж байсан ч таалал төгслөө. Гэр бүлийн гишүүдийг тусгаарлаад байна.
Элчин сайдын яам холбогдох байгууллагуудас тухай бүрт нь мэдээлэл авч байгаа болно. Иргэд та бүхэн БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж, өөрийгөө болоод гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусний халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна” гэж БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад байгаа иргэддээ хандан анхааруулж байна.
Хэрвээ танд халуурах болон ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 (24 цагаар), цагаачлалын албаны 1345 (09:00–22:00 цагийн хооронд Монгол хэлээр хариулт өгнө) тусгай дугааруудад холбогдож ойролцоох эмнэлгийн байгууллагад хандаарай.
БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн HTTP://NCOV.MOHW.GO.KR цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. ЭСЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шуурхай утас 010-8205-3464 ажиллаж байна.
Иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар: – ЭСЯ-ны “EMBASSY OF MONGOLIA IN SEOUL” Фэйсбүүк хуудас – WWW.MONGOLIAEMBASSY.COM цахим хуудасны мэдээлэл авах, мөн шуурхай утас 010-8205-3464, – (02)798-3464 дугаараар холбогдож санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.