Дэлхий дахинд
“Diamond princess” хөлөг онгоцны зорчигчдыг эрэг дээр буулгаж эхэллээ
Японы Иокахама хотын боомт дахь “Diamond princess” нэртэй аялал жуулчлалын хөлөг онгоцонд өнгөрсөн 3-ны өдрөөс хойш тогтоосон хөл хорио лхагва гарагт цуцлагдлаа. Энэ хүрээнд тус хөлөг дээр байсан багийн гишүүд зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэллээ.
Хөлөг онгоцны зорчигчид, багийн гишүүдийг эрэг дээр буулгах ажиллагаа ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх юм байна. Өнөөдрийн байдлаар вирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан, халдварын шинж тэмдэг илрээгүй 500 орчим хүнийг эрэг дээр буулгасан байна. Эрэг дээр буулгасан хүмүүстэй ирэх өдрүүдэд байнгын холбоотой байх бөгөөд биеийн байдалд нь хяналт тавих юм байна. Харин халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүмүүсийг хөлөг онгоцонд нь үлдээж байгаа юм байна.
Тэднийг дахин 14 хоногийн туршид хөл хорионд байлгаж үзлэг шинжилгээнд хамруулах юм байна. Сүүлийн мэдээгээр “Diamond princess” хөлөг онгоцонд байсан 505 хүн Коронавирусний халдвар авсан болох нь батлагдаад байгаа юм. Аялал жуулчлалын тус хөлөг онгоц дэлхийн 50 гаруй орны 3700 зорчигч, багийн гишүүнтэй явж байсан юм. Өнөөдөр мөн ОХУ-ын засгийн газраас Хятадын иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргасныг хэвлэлүүд мэдээлж байна. Энэ тухай Оросын засгийн газрын шадар сайд Татьяна Голикова мэдэгдсэн юм. Энэ шийдвэр 20-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд аялал жуулчлал, аялал, хувийн гэж ялгалгүйгээр Хятадын бүх иргэдийг Оросын хилээр нэвтрүүлэхгүй байхаар тогтсон байна. Гэхдээ транзит зорчигчдод энэ хориг хамаарахгүй юм байна.