Нийгэм
“Монгол дахь буддын судлал ба нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Доктор, профессор Г.Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойд зориулсан “МОНГОЛ ДАХЬ БУДДЫН СУДЛАЛ БА НИЙГЭМ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХИЙН АСУУДАЛД” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна.
Тэрээр буддын йогачара философи, Ноён хутагт Данзанравжаагийн гүн ухааны үзлийг системтэй судалж, эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан нь өнөө хэр судлаач, суралцагчдын ширээний ном, гол эх сурвалж болсоор байна.
Профессор Г.Лхагвасүрэн агсны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Удирдлагын академи, “Гүржавын Лхагвасүрэн” сан хамтран зохион байгуулж байна. Хурлыг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУИС-ийн ШУС-ийн захирал доктор (Ph.D.), профессор Г.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн захирал доктор (Ph.D.), профессор С.Зүльфикар нар нээж үг хэллээ.
Уг хурал нь “Монголын буддын судлалд”, “Монголчуудын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх судлалд”, “Ноён хутагт Данзанравжаа судлалд”, “Сэтгэлийн тухай буддын сургаалын судлалд” гэсэн дөрвөн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулагдаж, салбарын нэр хүндтэй эрдэмтэд илтгэлээ танилцуулж бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тухайлбал, доктор (Sc.D.), профессор, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Л.Тэрбиш “Жанжаа хутагт Ролбийдорж төгс зохионгуйн товч”, доктор профессор С.Янжинсүрэн, доктор профессор Б.Дагзмаа нар “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх интердисциплинар сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага”, доктор профессор Б.Тунгалаг “Г.Лхагвасүрэнгийн “Ноён хутагт Данзанравжаа” бүтээл дэх нийгэм-зан суртахууны орчин үеийн ач холбогдол”, доктор профессор Т.Булган “Буддын Йогачара философийн зарим категиоруудыг авч үзэх нь”, доктор профессор М.Гантуяа “Сэтгэлийн чанар ба гүн ухааны мэтгэлцээн” сэдэвт илтгэлээ танилцуулсан. Нийт 17 эрдэмтэн, судлаач илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Эрдэмтдийн танилцуулсан илтгэлд буддын шашин нь монголчуудын ахуй амьдралд бүрнээ нийцснээс гадна буддизм нь онол, арга зүйн хувьд төрийн хэргийг эрхлэн явуулахад эерэг нөлөө үзүүлснийг дурдаж, аливаа асуудалд төвч бөгөөд нарийн тунгаасан байр сууринаас хандах арга зүй нь энгийн иргэнээс төрийн хүн хүртэлх нийгмийн гишүүн бүрд чухал, нийгмийн зан суртахууны төлөвшил, төрийн албан хаагчийн ёс зүйд Буддизмын ёс зүй гол үүрэгтэй байж болохыг сануулсан сонирхолтой агуулгатай илтгэлүүд танилцууллаа. Мөн буддын судлалын онцлог судлагдахуун асуудлуудыг хөндөж хэлэлцүүлсэн нь залуу судлаач, суралцагчдын цаашдын эрдэм судлалын ажилд нь чиглэл болж өгсөн ач холбогдолтой хурал боллоо.
Монголын гүн ухаан, буддын судлалын шинэ үеийн тэргүүлэх төлөөлөгчдийн нэг доктор, профессор Гүржавын Лхагвасүрэнгийн мэндэлсний 60 жилийн ойн хүрээнд хамт ажиллаж байсан багш, судлаачид, найз нөхөд, үр хүүхэд, шавь нар нь хамтран “Гүржавын Лхагвасүрэн” сан байгуулж, Г.Лхагвасүрэн агсны “Сэтгэл төдийтний гүн ухаан”, “Ноён хутагт Данзанравжаа (гүн ухааны үзэл)” хоёр бүтээлийг дахин хэвлэж уншигч олны хүртээл болгоод байна.
Г.Лхагвасүрэн агсан нь ШУА-ийн Философийн хүрээлэнгээс эрдэм судлалын ажлын гараагаа эхэлж, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зөвлөх, Удирдлагын академийн Эрдэм сургууль, Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн эрхлэгч зэрэг төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад хариуцлагатай албан тушаалыг нэр төртэйгээр хашиж байсан билээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.