Нийгэм
С.Эрдэнэболд: Үзэл баримтлалд нэгдэж байгаа бол АН-д тавтай морил
АН-ын IX их хурал энэ сарын 5-нд Төрийн ордонд боллоо. Тус хурлын талаар АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Ардчилсан намын IX их хурал болж байна. Ямар асуудлууд хэлэлцэж байна вэ?
-Энэ их хурлаар АН-ын үзэл баримтлалыг шинэчлэн баталж байна. Өмнө нь хэрэгжиж байсан үзэл баримтлалаа үндсэндээ 50 хувь шинэчлэгдсэн. АН нийгэмд манлайлал үзүүлэхдээ ямар зарчмууд, үнэт зүйлүүдийг баримтлах юм. Үндсэндээ баруун төвийн үзэл баримтлалын гол гол шалгууруудыг тунхаглаж байгаа. Хуучин бол намуудын үзэл баримтлал гэхээрээ эрх чөлөө, тусгаар тогтнол гэх мэт идэвхгүй үгнүүдийг тавьчихсан байдаг байлаа. Орчин үед нийгмийн харилцаа маш хурдацтай болсон байна. Өөрөөр хэлбэл, 1990 оноос хойш 30-аад жилийн хугацаанд аваад үзэхэд нийгмийн харилцаа хэд дахин илүү хурдацтай болсон. Мэдээллийн хурд нэмэгдсэн. Тухайн үед буюу 1989 оны хувьсгалаар ардчиллын суурь зарчмуудыг авахын төлөө явж байсан. Үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт. Харин өнөөдөр энэ бүх зүйл бий болчихсон. Өнөөдөр хүссэн даргыгаа шүүмжилж, болж байна. Үгээ хэлж болж байна. Жагсаал цуглаан хийх боломжтой байгаа. Техник, технологи, иноваци, нийгэм хөгжөөд мэдээллийн хурд ихэсчихлээр тэр үед ярьж байсан зүйлсийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй болно ло доо. Тийм учраас дараагийн софтвэйр буюу боловсронгуй болгож байгаа үйл явц нь АН-ын үзэл баримтлалыг шинэчилж байгаа хэрэг.
-Тодруулбал, яг ямар өөрчлөлт хийв?
-Хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, нь хуулийн засаглалыг дэмжсэн эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолын тухай асуудлууд байгаа. Энэ таван зүйлийг яаж хамгаалах вэ гэдгийг зааж өгсөн. Энэ үзэл баримтлал батлагдаж байна гэдэг нь АН цаашид сонгуульд өрсөлдөхдөө, сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхдээ зөвхөн энэ үзэл баримтлалын хүрээнд энэ зарчмын дагуу дэвшүүлнэ. Хуучин улс төрийн намууд иргэдэд таалагдахын тулд мөнгө тараадаг юм уу, амладаг ч юм уу, заримдаа зүүний намууд нь барууны, барууны нам нь зүүний болчихсон байдаг шүү дээ. Намууд дарга нарынхаа нэрээр л ялгагдаад байснаас биш яг үйл ажиллагаагаараа адилхан болчихоод байсан юм. Тэгвэл АН улс төрд шинэ соёлыг тогтоолоо. Шинэ хандлагыг авч ирлээ. Бид бол баруун төвийн нам бид энэ хүрээ хязгаарыг давахгүй.
-Энэ хурлаар намын даргын асуудал яригдах уу?
-Боломжгүй шүү дээ.
-Яагаад. Их хурлаар намын даргын асуудал ярьж болно биз дээ?
-Бид өмнөх Их хурлаар намынхаа 180.000 гишүүнээс санал аваад, марафон явуулаад даргаа сонгосон шүү дээ. Мөн АН-ын дарга шинээр томилогдсоноосоо хойш нэг сонгуульд ялагдсан уу. Ялагдаагүй. Тиймээс намын даргын асуудал ярихгүй. Харин 2020 онд нам ялагдах юм бол намын дарга асуудал яригдана.
-Яагаад ингэж асуугаад байна гэхээр өчигдрөөс АН бүлэггүй болчихлоо?
-Тэр бол тусдаа асуудал.
-Гаднаас нь харахад АН дотроо хагаралтай байгаа харагдаж байна. Өнөөдрийн хурлыг харахад ч гэсэн хуучны лидерүүд бага ирсэн байна?
-Хагарч байгаа хагарахгүй байгаа гэдэг асуудал бол хүмүүсийн хардалтаар хэмжигдэхгүй. Зарчмаа барьж байгаа асуудал. Жишээлбэл, “Намын дүрэм, журмыг биелүүлэхгүй, үнэт зүйл, зарчим надад таалагдахгүй байна” гэвэл өөр намд орох асуудал нээлттэй шүү дээ. Хүнийг заавал энд байх ёстой гэж хэлэхгүй. Сонголт хийх эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг. Зүүний намын бодлогыг дэмжиж кноп дарж байна гэдэг бол баруун төвийн үзэл баримтлалаасаа ухарч байна гэсэн үг. Энэ намын дүрэм, үзэл санаа нийцэхгүй байгаа бол намаас хасагдаж болно. Та өөрийнхөө сонголтыг цааш нь хийгээд явж болно гэж байгаа юм. Харин үзэл баримтлалаасаа гажвал дарга нь ч, цэрэг нь ч хариуцлага хүлээе.
-Хүмүүсийн дунд 2020 оны сонгуулиар АН хоёр хуваагдаж орох нь гэдэг яриа гарчихлаа?
-Би өөрт чинь хэлээд байна шүү дээ. Бид явж байгаа хамхуул болгоныг өшиглөж, дотор нь чулуу байна уу, үгүй юу гэж үзэх утгагүй. Хүмүүсийн дунд яригдаж байгаа, хардаж байгаа асуудал болгон үнэн биш. Тэгж ярих нөхцөл байдлыг төлбөртэйгөөр бий болгож ч байж болно. Магадгүй дотооддоо бусад намуудын өнцгөөс ч юм уу. Эсвэл намуудыг зөрчилдүүлсэний үндсэн дээр ашиг хонжоо олдог хүмүүс ч юм уу. Эсвэл гадны явуулга ч байж болно. Сэтгүүл зүйд баталгаатай эх сурвалж гэдэг шиг эх сурвалжийг нягталвал зохино. Тиймээс анхдагч эх сурвалжийг авч үзэх ёстой. Хүмүүс юу ч ярьж болно шүү дээ. Өглөө босоод зүүдэлсэн зүүдээ ч ярьж болно. Тэгэхдээ хүмүүсийн хандлагыг буруутгаж болохгүй. Энэ чинь ардчилсан нийгэм. Үзэл бодлоо илэрхийлж байна.
-Тэгэхдээ зарим яриа үнэн болоод байна. Тухайлбал Ж.Батзандан, Л.Болд нар жилийн өмнөөс л намаасаа гарах гэж байна гэж яригдаж байсан нь үнэн боллоо. Мөн Х.Тэмүүжин гишүүн гэхэд өөрийнхөө хаягаас заримдаа намынхаа эсрэг байр суурийг илэрхийлдэг?
-Х.Тэмүүжин гишүүн бол манай үзэл баримтлалын ажлын хэсгийн гишүүн. Бид өдөр болгон уулзаж байгаа. Энэ үзэл баримтлалыг тууштай дэмжиж байгаа. Сошиалд эсрэг гэхээсээ илүүтэй зарчмын байр суурь л илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, АН-ын эсрэг байр суурь илэрхийлж байна гэж харахгүй байна. Би ч Х.Тэмүүжин гишүүнтэй ихэнх зүйл дээр санал нэг байдаг. Жишээлбэл, “Монгол Улс парламентын засаглалаар явах ёстой” гэдэг дээр санал нэгдэж байгаа. Тэр зарчмын байр суурь баримталж байгааг нь намын эсрэг байр суурь гэж ойлгож болохгүй шүү дээ. Ер нь хүмүүс зарчмын ч байна уу, сонирхлын ч байна уу ямар ч байр суурь илэрхийлэх нь нээлттэй. Монголд намын шинэчлэлийн шалгарал явагдаж байна. Зарим намууд хоёр хуваагдаж байгаа. Үзэл санаагаараа нэгдэх ёстой. Энэ үзэл баримтлалд нэгдэж байгаа хүмүүс АН-д тавтай морил. Нэгдэхгүй байх юм бол улс төрийн сонголт хийх эрх нь байгаа.
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” СОНИН
Сэтгүүлч: Б.Бундхорол
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.