Дэлхий дахинд
Франц коронавирусын хамгийн их халдвартай 5 орны нэгт тооцогдож байна
БНФУ-д сүүлийн 24 цагийн дотор коронавирусын 372 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр тус улсад нийт 1.784 иргэн халдварлаад байгаа болохыг Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон мэдэгджээ. Ингэснээр хамгийн их халдварлагчтай гэдгээрээ дэлхийд эхний 5-д жагсаж байна.
Өчигдөр оройны байдлаар эдгээр өвчлөгчдийн 3 нь нас барж ингээд 33 хүн уг өвчний улмаас хорвоог орхисон хэмээн бүртгэгдээд байна. Мөн 89 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин 12 өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээ байна.
Ж.Саломон мэдэгдэлдээ халдварын тархац Францад оргил үедээ хүрч байгаа талаар дурдан иргэдээ халдвараас сэргийлэхийн тулд өдөр тутмын дадал зуршилдаа өөрчлөлт оруулж халдвар авахгүй байх нөхцөлийг хангах шаардлагатай байгааг хэлсэн юм.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон Элисейн ордноос өчигдөр мэдэгдэл хийсэн бөгөөд дараах зүйлсийн талаар ярьжээ.
1. Европын холбоо вирустай тэмцэх олон төрлийн арга хэмжээг авч байна.
2. Европт амны хаалтын дутагдалтай байдлыг багасгана.
3. Шинжлэх ухааны үндэслэлтэй вирустай тэмцэх улс төрийн шийдвэр гаргана.
4. Вирусын судалгаанд 100 сая орчим евро зараад буй.
5. Вирусаас шалтгаалан буурч буй эдийн засгийн салбаруудад төрийн зүгээс уян хатан хандана.