Дэлхий дахинд
Хятадын эрдэмтэд ингэж тогтоож, харин манайхан…
Улсын онцгой комисс нь БСШУСЯ, хэрхэхээ мэдэхгүй бие биенээсээ санал энэ тэр хүлээж байгаа. Харин БСШУСЯ-наас ЭМЯ мэднэ гэх зэргээр гурвалжин дүрс зуралцаж байгаа.
ЭМЯ-наас ирэх 4 дүгээр сарын 30-ныг хүртэл хориог сунгах саналаа хэлээд байгаа. Үүнийг жинхэнэ нүдээ олсон, ажлаа мэддэг хүмүүсийн санал гэхээс өөр юу гэх билээ.
Ийн хэлэхийн учир нь хорио цуцлагдахтай зэрэгцэн амны хаалт ч зүүлгээгүй хүүхдээ дагуулсан аав ээжүүд явж байхыг сүүлийн 2-3 өдөр өчнөөн харав, айдас төрөв.
Тэгтэл Хятадын эрдэмтэд “”Шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүүхдэд уг өвчний шинж тэмдэг сул илэрдэг. Хүүхдүүдэд өвчний илэрхий шинж тэмдэг байхгүй ч хүүхдүүд далд халдвар тээгч” болохыг тогтоосон байна.
Тэрхүү мэдээллийг нь “MedicalXpress” мэдээллийн сайт Хятадын Гуанжоу хотын Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эрдэмтдийн хийсэн судалгааны дүнг гэж нийтэлсэн аж.
Уг нийтлэлд бичсэнээр тус төвийн судлаачид КОВИД-19-өөр өвдсөн өвчтөнтэй харьцсан 2-15 насны нийт 745 хүүхдийн мэдээллийг шинжлэхэд нийт 10 хүүхдээс шинэ төрлийн коронавирусын халдвар илэрсэн ба тэдэнд өвчний хүнд шинж тэмдэг ер ажиглагдаагүй бол 7 нь 39 хэм хүртэл халуурсан байна.
Хүүхдүүдэд гол төлөв хоолой өвдөх, ханиах, хамар битүүрэх зовиур илэрсэн бөгөөд цээжнийх нь рентген зурагт уушгины хатгалгааны шинж тэмдэг огт илрээгүй аж. Мөн насанд хүрсэн хүмүүст илэрдэг толгой, булчин нь өвдөх шинж тэмдэг хүүхдүүдэд ер илрээгүй байна. Гэхдээ хүүхдүүд таамаглаж байснаас ч илүү урт хугацааны туршид бусдад халдвар тараах боломжтой гэдгийг нь тогтоожээ.
Бүр тодруулбал, хүүхдүүдийг эмнэлгээс гарахад хамар, амнаас нь авсан шинжилгээ сөрөг гарсан ч 14 хоногийн дараа хүүхдийн өтгөнөөс коронавирус илэрсэн байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явах нь битгий хэл асаргаа сувилгааг ч сайтар хийж байх хэрэгтэйг дээрх мэдээлэл харуулж байна.
Тиймээс хууль хяналтын болон, мэргэжлийн байгууллагууд шаардлага тавьж амны хаалтгүй иргэд, хүүхдээ дагуулж нийтийн унаа, дэлгүүр гэх зэрэг олны хөлийн газраар яваа эцэг эх асран хамгаалагч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь эдгээр хариуцлагагүй хүмүүсийн үйлдэл хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд оруулж байгаагаас өөрцгүй юм.