Дэлхий дахинд
Итали улсад коронавирусын халдвар арваннэг дүгээр сард илэрсэн байж болзошгүй
Ковид-19 буюу коронавирусын халдвар Хятадад тархахаасаа ч өмнө өнгөрсөн оны 11-р сард Италид үзэгдсэн байжээ.
Европын орнуудын анагаах ухааны салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, Милан дахь Марио Негригийн нэрэмжит фармакологийн судалгааны хүрээлэнгийн захирал Жузеппе Ремуззи “Хятадаас гаралтай гэгдэж буй коронавирустэй төстэй хачирхалтай уушгины үрэвсэл нь аль 11-р сарын үед Италийн хойд хэсгийн Ломбарди хотод тархсан байсан” хэмээн энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Олон нийтийн үндэсний радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн энэхүү өвчнөөр ихэвчлэн ахмад настай хүмүүс өвчилсөн байсан хэмээн онцлон ярьсан аж.
Тухайн үед Италийн эмч нар ийм төрлийн вирусын халдвар Хятадад гарч судлагдаж байсныг хараахан мэдээгүй байна.
Учир нь Хятадын зүгээс уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн титэм вирусын халдвар тус улсын нэгэн иргэнд илэрснийг 12-р сарын 31-нд албан ёсоор мэдэгдсэн билээ.
Тэрбээр вирусын гарал үүслийг одоо ч эрдэмтэн судлаачид олохоор хичээн ажиллаж байна гэж сэтгүүлчийн асуултад хариулсан ба Хятад улс л анх удаагаа олон нийтэд үүнийг дэлгэсэн болохоос яг хаанаас, юунаас үүсэлтэй болох нь хараахан тодорхойгүй гэжээ.
Ломбарди хотод коронавирус дотоодоос халдварласан эхний тохиолдол 2-р сарын 21-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд үүнээс урьд нь зөвхөн тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдлууд л байсан гэнэ.
Италид халдварлагсдын тоо өнөөдрийн байдлаар нийт 64000-д хүрсэн бол 6100 орчим нь өвчнөө даалгүй нас бараад байгаа. Харин Хятадад 81200 гаруй хүн халдварлаж, 3277 өөд болсон нь Италитай харьцуулахад бага тоо юм.
Өвчний голомт болох Ухань хотноо 12-р сард үл мэдэгдэх шалтгаанаар уушгины үрэвслийн өвчин иргэдийн дунд тархаж байгааг тус улсын эмч нар анзаарсан ба эхний тохиолдол 12-р сарын 1-ний хавьцаа илэрсэн байж болзошгүй гэсэн байна.
Гэвч “South China Morning Post” сонинд уг вирус Хятадад 11-р сарын дунд үеэс эхэлсэн байж магадгүй ч Бээжингээс батлаагүй гэх мэдээ нийтлэгдэж байсан аж.
Ковид-19-ыг яг Хятадын гаралтай вирус гэдэг дээр Вашингтон болон Бээжингийн эрх баригчид маргалдсаар байгаа ба АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Хятадын вирус”, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпио “Ухань вирус” гэж хэд хэдэн удаа тодотгон хэлсэнд шүүмжлэл дагуулсан. Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны сайд Жао Лижиан тэднийг бусдыг турхирч, бидний нэр хүндэд халдаж байна гэх утгатай жиргээ бичжээ.