Facebook, Youtube, Netflix, Amazon, Apple TV+, Disney+ зэрэг платформууд коронавирустэй холбоотойгоор Европын хэрэглэгчдэд зориулан видеоны чанарыг бууруулж, дата хураамжийг багасгалаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид эдгээр платформ дээрх видеог үзэхэд өмнөхөөсөө бага дата зарцуулах юм.
Онлайнаар видео үзэхэд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж дата их бага зарцуулдаг. Үүний нэг нь видеоны чанар юм. Өндөр нягтралтай (HD) эсвэл хэт өндөр нягтралтай (4K) видео нь харьцангуй их дата шаарддаг.
Харин дараагийнх нь битийн хурд. Энэ нь секундэд цацагдаж буй мэдээллийн хэмжээ бөгөөд видео хэдий их хөдөлгөөнтэй байна төдий чинээ дата зарцуулна.
Netflix, Amazon, Apple TV+ зэрэг платформууд битийн хурдыг бууруулсан ч видеоны чанарт өөрчлөлт оруулаагүй бөгөөд Европын хэрэглэгчид өмнөхөөсөө 25 хувиар бага дата зарцуулах аж. Харин Disney+ Их Британи, Ирланд, Австри, Герман, Итали, Испани, Швейцар зэрэг улсад ийм арга хэмжээ авсан байна.
Мөн Youtube видеоны стандарт нягтралыг 480p болгосон ба хэрэглэгч хүсвэл чанараа нэмж болох аж.
Эх сурвалж: BBC