Дэлхий дахинд
АНУ коронавирусийн халдварын батлагдсан тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүллээ
Өчигдрийн байдлаар АНУ-д илэрсэн коронавирусийн халдварын тоо 82,404 хүрсэн нь тахлын анхны голомт болох Хятад улсыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт болжээ.
Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан сүүлийн тоо баримтаас үзвэл Хятад улсад илэрсэн халдварын нийт тоо 81,782, Итали улсад илэрсэн нийт тоо 80,589 хүрсэн байна.
Итали улс удахгүй илэрсэн халдварын тоогоор Хятад улсыг гүйцэж түрүүлэх нь тодорхой болжээ.
АНУ-д өчигдрийн байдлаар COVID-19 өвчний улмаас нас барсан хүний тоо 1,100 гарсан байна.
Нөхцөл байдал эрчимтэй муудаж байгаа ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөвдүгээр сарын дундаас эхлэн Америкчуудыг хөл хорионы дэглэмээс гаргаж, ажилд нь оруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа юм.
“Хүмүүсийг ажилд нь буцааж оруулах хэрэгтэй. Манай улсын амьдрал буцаж сэргэх ёстой. Миний бодлоор удаалгүй ийм арга хэмжээ авбал зохино. Миний үгийг олон хүн мушгин гуйвуулж байна. Ажилдаа буцаж орсон ч иргэд олон хүнтэй харилцахаас татгалзах, гараа угаах, бусадтай гар барихаас зайлсхийх зэрэг бүх шаардлагатай дүрмийг баримтлах юм” гэж Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр тайлбарлажээ.
Тэрээр илэрсэн халдварын тоо нь Хятадынхыг давсан тухай сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Хятадад яг хэдэн хүн халдвар авсныг та нар мэдэхгүй байгаа шүү дээ” гэж хэлсэн байна.
Дараа нь тэр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй Пүрэв гарагийн орой утсаар ярих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.
Одоогийн байдлаар АНУ-ын 21 муж коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор иргэдээ хөл хорионы дэглэмд шилжүүлээд байгаа юм. АНУ-ын үндсэн хуулинд зааснаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, дэг журам тогтоох эрх мэдэл мужийн захирагч нарт байдаг. Тиймээс Трамп шууд шийдвэр гаргаж чадахгүй гэж олон хүн үзэж байна.
Эх сурвалж: BBC