Дэлхий дахинд
БНХАУ гадаадын иргэдэд хилээ хаана гэж мэдэгдлээ
Коронавирусийн халдвар гаднаас орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул БНХАУ бямба гарагаас эхлэн хилээ хааж, гадаадаас ирэх ихэнх иргэдийг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдлээ.
Хятадын визтэй эсвэл түр оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг тодорхой хугацаагаар нэвтрүүлэхгүй гэж тус улсын гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Мөн Хятад улсаар дамжин өнгөрөх, визгүй зорчих хөдөлгөөнийг зогсоох боловч дипломат пасспорттой хүмүүст нөлөөлөхгүй аж.
Хятадын иргэний нисэхийн удирдах газраас гаргаж буй шинэ дүрмээр гадаад улсын нэг хотоос долоо хоногт нэг нислэг хийхийг зөвшөөрөх ба нислэгийн суудал 75 хувийн дүүргэлттэй байх юм.
Өнөөдрийн байдлаар Хятад улсад нийт 81’285 тохиолдол илэрч 74’051 хүн эдгэн, 3287 хүн нас барснаар 3947 хүн халдвартай хэвээр байна.
Хятад улс руу ирж байгаа зорчигчдын 90 хувь нь Хятад иргэд байгаагийн 40 орчим хувь нь оюутнууд байгаа аж.
Эх сурвалж: SCMP