Дэлхий дахинд
Нобелийн шагналтнуудын уулзалтад судлаач Н.Жавзмаа оролцоно
Анх 1951 онд зохин байгуулагдаж өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байгаа Нобелийн шагналтнуудын уулзалтад манай улсаас Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Н.Жавзмаа оролцохоор болжээ.
Линдагийн уулзалт хэмээгддэг энэхүү уулзалтад 35 хүртэлх насны залуу 650 шилдэг залуу судлаачид мөн хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн 70 эрдэмтэн оролцох ажээ.
Энэ удаагийн уулзалт ХБНГУ-д 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 3-ны хооронд болох бөгөөд залуу судлаач нар Нобелийн шагналт эрдэмтдийн илтгэлийг сонсож, өөрсдийн судалгааны ажлын явц, дүн зэргийг эрдэмтэд болон бусад судлаач нарт танилцуулж зөвлөгөө авч туршлага солилцдог байна.
Дашрамд дуулгахад жил бүр болдог энэхүү уулзалтад:
- 2019 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Жаргалан,
- 2018 онд АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул,
- 2017 онд МУИС-ийн багш, залуу судлаач Ж.Рагчаа,
- 2016 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа,
- 2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын мэргэжилтэн Б.Отгонсувд нар сонгогдон оролцож байжээ.