Дэлхий дахинд
Дэлхийн банк 25 улсад яаралтай санхүүгийн туслалцаа олгоно
Дэлхийн банк коронавирусын тахлын эсрэг, үүнээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахад туслах зорилгоор 25 улс оронд 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтийн яаралтай тусламж олгох сан байгуулсан гэдгээ мэдэгдлээ.
Энэтхэгт 1 тэрбум ам.долларын тусламж олгох бөгөөд халдвартай тэмцэх эмнэлгийн салбарт буюу лабораторийн оношилгоо, үзлэгийг сайжруулахад, эмнэлгийн яаралтай бүтээгдэхүүн, хэрэгсэл худалдан авахад мөн тусгаарлах тасаг байгуулахад энэхүү санхүүжилтийг зарцуулах ажээ.
Үлдсэн санхүүжилтийг Пакистанд 200 сая доллар, Афганистан улсад 100 сая доллар, Мальдивт 7.3 сая доллар, Өмнөд Азийн хүрээнд Шри Ланка улсад 128,6 сая доллар байх зэргээр хуваарилах аж.
Нэмж дурдахад Дэлхийн банк нь энэ тахал өвчинтэй тэмцэхэд туслах зорилгоор дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байна гэж мэдэгджээ.