Нийгэм
Улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор шийдвэрлэжээ
Ч.Оюунбат
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхтэй холбоотой асуудал нийгэмд дуулиан тарьж эхэллээ. Тэд сэргээш хэрэглэсэн нь тогтоогджээ.
Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсныг хүчингүйд тооцох тухай шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир нарт олгосон “Хурц шаламгай” чимгийг хурааж, улсын баяр наадамд барилдах эрхийг хоёр жилээр, улсын начин Ц.Бямба-Очирын улсын наадамд барилдах эрхийг тус тус хоёр жилээр хасч эдгээр бөхөд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Хөхчирэнгэр, улсын арслан Э.Оюунболд нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давсанд тооцож, улсын арслан Э.Оюунболд, улсын начин Ч.Хөхчирэнгэр нарт “Өсөх идэр” чимэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Ц.Бямба-Очирт олгосон улсын начин цолыг хасах, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин шинээр цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин цаашид сэргээшийн талаархи зөвлөгөө, мэдээллийг нийт бөхчүүдэд таниулан сурталчилж, ийм байдал дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг Бөхийн салбар хорооны дарга Г.Баясгаланд үүрэг болгожээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.