Энтертайнмент
Зууны барилдаан ба “Орос танк”-ын ялалт

Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 20-23-нд Унгарын нийслэл Будапештийн Ласло Паппын нэрэмжит “Будапешт арена”-д боллоо. Эрэгтэйчүүдийн 51 дэх удаагийн тэмцээнд 63 орны (Эрчүүд хамгийн сүүлд 1995 оны Атлантагийн ДАШТ-д 10 жинд өрсөлдөж байв) 272 тамирчин 10 жинд өрсөлдөв. Монголын шигшээ багаас 61 кг-ын жинд өрсөлдсөн, ОУХМ Т.Түвшинтулга эрчүүдийн цорын ганц хүрэл медалийг авчирлаа.
ДОЛООН ШИНЭ АВАРГА ТӨРСӨН ЭРЧҮҮДИЙН ӨРСӨЛДӨӨН
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд болсон “Зууны түүхэн барилдаан”-ыг мэдээллийн эхэнд онцолж байна. Энэ бол агуу Абдулрашид Садулаев /ОХУ/, Кайл Снайдер /АНУ/ нарын тулаан. Аль аль нь дэлхийн хошой аварга. Тэдний барилдааныг бөхийн хүрээнд 21-р зууны түүхэн барилдаан хэмээн хүлээн зөвшөөрсөн.
Будапештэд “Орос танк” Абдулрашид Садулаев финалд АНУ-ын Кайл Снайдерыг цэвэр дарж, өнгөрсөн жилийн даагаа даамай нэхэж дэлхийд гурав дахиа түрүүлж, түүний нутаг нэгт Газимагомев, Гүржийн Гено Петриашвили хошой аварга болж, үлдсэн долоон жинд шинэ аварга төрөв. Кубын Йовлес Бонне 35 настайдаа дэлхийд түрүүлж, гандан буурахгүй эр гэдгээ харуулж, гурван жилийн өсвөр үеийн дэлхийн аварга болж байсан наран улсын Такүто Отогүро 19 настайдаа томчуудад түрүүлж гайхшарууллаа.
Олимпийн хошой аварга Мавлет Батыровын дүү Адам Батыров Персийн булангийн Бахрейн улсад бөхийн төрлөөр ДАШТ-ээс анхны медалийг авчирсан. Түүнчлэн хүнд жинд үзүүрлэсэн БНХАУ-ын Дэн Живэй эрэгтэй чөлөөт бөхөөр дэлхийгээс улсынхаа анхны медалийг зүүв.
Будапештийн дэвжээнд эрчүүдийн өрсөлдөөн олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз (АНУ), Хассан Яздани (Иран) түрүүлж чадаагүйгээр зогсохгүй, олимп, дэлхийн аварга Таха Акгуль (Турк), Владимир Хинчегашвили (Гүрж), Шариф Шарифов (Азербайжан), дэлхийн гурван удаагийн аварга Гажи Алиев (Азербайжан), дэлхийн хошой аварга Франк Чамизо (Итали) нар медальгүй хоцорсон нь томчуудад ямар халгаатай болсныг илтгэнэ.
Өнгөрсөн жил Парисын ДАШТ-д түүхэндээ байгаагүй тааруухан оролцож, ганц ч алтан медальгүй нутаг буцсан оросууд Будапештэд ногт ганзгалж ирээд, дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, эрэгтэй чөлөөт бөхөөр тэргүүлэгч гүрэн гэдгээ баталлаа. Тэд 178 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, өнгөрсөн жил багаараа өнгөлсөн АНУ (3 алт+1 мөнгө+3 хүрэл) 105 оноогоор удаалж, уулын эрчүүд Гүржийн бөхчүүд медалийн иж бүрэн цуглуулга, 105 оноогоор гутгаар байрыг эзлэв. Монголын эрэгтэй бөхчүүд 63 орноос багийн дүнгээр 57 оноогоор долдугаар байрт орлоо.
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
57 кг (28 бөх)
1. Завур Угуев (ОХУ)
2. Нурислам Санаев (Казахстан)
3. Юки Такахаши (Япон), Сулейман Атли (Турк)
20. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол)
61 кг (23)
1. Йовлес Бонне (Куба)
2. Гажимурад Рашидов (ОХУ)
3. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол),
Жо Колон (АНУ)
65 кг (32)
1. Кейсүке Отогүро (Япон)
2. Бажранг Пунья (Энэтхэг)
3. Ахмед Чакаев (ОХУ), Алехандро Вальдес Тобьер (Куба)
7. Төмөр-Очирын Тулга (Монгол)
70 кг (29)
1. Магомедрасуль Газимагомедов (ОХУ)
2. Адам Батыров (Бахрейн)
3. Зураб Якобишвили (Гүрж), Марен Кастильо (Куба)
5. Бат-Эрдэнийн Бямбадорж (Монгол)
74 кг (32)
1. Заурбек Сидаков (ОХУ)
2. Автандил Кенчадзе (Гүрж)
3. Жордан Барроуз (АНУ), Бекзод Абдурахманов (Узбекистан)
14. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
79 кг (27)
1. Кайл Дейк (АНУ)
2. Жабраил Хасанов (Азербайжан)
3. Ахмед Гаджимагомедов (ОХУ), Али Шабанов (Беларусь)
7. Пүрэвжавын Өнөрбат (Монгол)
86 кг (31)
1. Дэвид Тэйлор (АНУ)
2. Фатих Эрдин (Турк)
3. Хассан Яздани (Иран), Таймураз Фриев (Испани)
11. Оргодолын Үйтүмэн (Монгол)
92 кг (22)
1. Жейден Кокс (АНУ)
2. Иван Янковский (Беларусь)
3. Алиреза Карими (Иран), Ацүши Мацүмото (Япон)
5. Лувсандоржийн Төртогтох (Монгол)
97 кг (26)
1. Абдулрашид Садулаев (ОХУ)
2. Кайл Снайдер (АНУ)
3. Элизбар Одиказе (Гүрж), Абрахам Руано (Итали)
8. Өлзийсайханы Батзул (Монгол)
125 кг (22)
1. Гено Петриашвили (Гүрж)
2. Дэн Живэй (БНХАУ)
3. Парвиз Хади (Иран), Ник Гвяздовски (АНУ)
12. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол)

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.