Дэлхий дахинд
Хоёр Солонгос хамтарсан цэргийн зөвлөл байгууллаа
Өмнөд болон Умард Солонгосын Батлан хамгаалах яам хоорондын уулзалтаар хамтарсан цэргийн зөвлөл байгуулахаар болжээ. Уг зөвлөлийг хоёр улсын Батлан хамгаалахын дэд сайд нар ахлах юм. Хамтарсан цэргийн зөвлөл хил орчмын маргааныг шийдвэрлэх, газрын тэсрэх бөмбөг болон зэвсэглэлийн тоог бууруулах чиглэлээр ажиллах юм байна.
Хамтарсан зөвлөлийн анхны уулзалт ирэх баасан гарагт товлогдсон бөгөөд Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Сү Чоо Сүк, Умард Солонгосын Ардын армийн дэд сайд, армийн генерал Со Хонг Чан нар оролцохоор болжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар уулзахдаа батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсны дараа хоёр тал газрын тэсрэх бөмбөгийг устгалд оруулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ үйл хэргийг сайшаасан билээ.