Нийгэм
Мэргэжлийн хяналтаас хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг илрүүлэхэд анхаарч ажиллаж байна
Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа.
Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, ААН-үүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Энэ чиглэлийн эрх зүйн орчин хангалттай байдаг. Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр компани байдаг. Эдгээр компаниуд цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа харьяа Онцгой байдлын газарт гурваас доошгүй хоногийн дотор хандаж улсын байцаагчийн хяналт дор явуулдаг” гэв.
Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна. Хууль сахиулах газраас 361 оюутныг эргүүлд нэмэлтээр ажиллуулж байна. Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай холбоотой үзлэг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна.
Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 гарч нэмэгдээд байна. Энэний хүрээнд цагдаагийн байгууллагаас хүчээ нэмэгдүүлэн ажиллаж байна. ААН, байгууллагуудын камержуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна” хэмээв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай байгууллагаас шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын ажил хийж байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зэрэг зөрчлүүд голлон гарч байсан.
Томоохон зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд зөрчил дутагдлыг арилгахыг анхааруулах, зөвлөмж өгөх, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллаж байгаа” хэмээлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.