Нийгэм
Худалдааны төвүүд хуурамчаар хямдрал зарлаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна
ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа. Тус газраас 14 хоног тутамд олон нийтэд энэ талаар мэдээлэл хийж байхаар болжээ.
Энэ удаад тус газар их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл, шинэ жилийн баярт зориулсан худалдааны төвүүдээс зарласан хямдрал, урамшуулал үнэн бодитой эсэх, мэдээллийн сайтууд дахь зар сурталчилгаа, цахилгаан барааны дэлгүүрүүд монгол заавар ашиглаж байгаа эсэх боло албан байгууллагын хаяг реклам Монгол хэлний тухай хуулийг зөрчиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.
Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд болон томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүндээ хямдралтай худалдаа эарласан нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад доорх зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:
-Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, худалдааны төвүүдийн хувьд гадна талдаа 50-70 хувь хүртэл хямдралтай гэсэн самбаруудыг байршуулсан боловч бодит байдал дээр бүх бараандаа хямдрал зарлаагүй, хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн маш цөөн байна.
-Бараа, бүтээгдэхүүний үнийн шошго байхгүй, ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хямдарсан нь тодорхойгүй боловч гадна самбартаа их хямдарсан мэтээр бодит биш сурталчилгаа явуулж байна.
-Хямдарсан болон хямдраагүй бүх бараа, бүтээгдэхүүний үнийн шошгон дээр шинэ жилийн уур амьсгалыг илтгэсэн үнийн мэдээлэл бүхий хуудсыг байршуулж хэрэглэгчийг төөрөгдүүлж байна
-Гадна талдаа хямдрал зарласан гэсэн боловч хямдралын бараа, бүтээгдэхүүн нь хараахан худалдаалагдаж эхлээгүй.
-Бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарласан боловч хямдралын эхэлсэн болон үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Зар сурталчилгааны тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.