Нийгэм
Баян-Өлгийн аймагт сурагчид хоолноос хордсон хэрэг гарчээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.
Энэ талаарх мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад ирсэн бөгөөд одоогоор эмнэлгийн хамтарсан баг гарч, газар дээр нь ажиллаж байна. Улмаар эмч нар хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан байна. Өчигдрийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Сумын эмнэлэг нь 20 ортой, хүрэлцээ багтаамж муутай тул охидын дотуур байранд ор дэлгэж, хөнгөн хордсон есөн хүүхдийг эмч, сувилагчийн хяналт дор эмчилж байгаа аж. Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа бол бусдынх нь биеийх байдал дунд зэрэг байгаа тухай холбогдох албаныхан мэдээлэв. Хүүхдүүд ямар хоолноос хордсон эсэх урьдчилсан дүгнэлт гараагүй. Гэхдээ өнгөрсөн тав дахь өдөр идсэн будаатай хуурганаас хордлого авсан байж болзошгүй байгаа аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.