Нийгэм
“Процесс” төслийн хаалтын хурал боллоо 20 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газрын ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS” төслийн Удирдах хорооны зургаа дахь буюу хаалтын хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо.
2016 оноос хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн менежментийг сайжруулах зорилгоор сургалтын хөтөлбөр төлөвлөх, боловсруулах хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх аргачлал бэлэн болгосон юм. Энэ аргачлалыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хамтран боловсруулжээ. Уг аргачлалыг үр дүнтэй хэрэгжүүлснээр боловсролын салбарт тулгамдаад байгаа сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах асуудал шийдэгдэх юм. Хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудал, төслийн дараах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Төслийн удирдах хорооны дарга буюу БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Хөрөнгө хүч зарцуулан судалгаа, үндэслэлтэйгээр боловсруулсан аргачлалыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход онцгой анхаарах болно. Яамны зүгээс хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан. Аргчалалыг ашиглах эхний алхам нь үндэсний зөвлөл байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх юм. Энэ ажлыг шуурхайлах болно. Мөн аргачлалыг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүдийг боловсролын салбарын мастер төлөвлөгөөний ажлын хэсэгт оруулах хэрэгтэй” гэлээ.
Удирдах хорооны хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр болон бусад газрын дарга, мэргэжилтнүүд, “Процесc” төслийн мэргэжилтэн Фүкүо Томохиро, Японы Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Мацүхаши Томоюки, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Боловсролын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн Фүжита Эрика болон Боловсролын хүрээлэн, Боловсролын Үнэлгээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн төлөөлөл, бусад холбогдох албаныхан оролцлоо.






Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.