Монголчууд бид сайхан зүйлийг сайшаан магтдаг уламжлалтай ард түмэн. Өнгөрсөн амралтын өдөр Corporate Concert Hall-ийн тайзнаа дуу алдам гайхалтай хөгжим эгшиглэж, үзэгчид алгаа хорстол алга ташилтыг харамгүй хайрлаж, зарим хүн сэтгэлээ барьж дийлэхгүй нулимс дуслуулсан үдэш байсан юм. Учир нь Corporate Concert Hall -ийн тайзнаа “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн концерт ийнхүү сүр дуулиантайгаар, монголчууд хамтдаа догдлон үзсэн нь энэ. Гэгээн бүхний оргил болсон, хөгжим гэх зүйл хүний сэтгэлийн утсыг ингэж их догдолуулдгийг мэдрүүлсэн сайхан концертыг дахин ойрын хэдэн жилдээ бид үзэхгүй болов уу? Тоглолтыг үзэх гэсэн үзэгчдийн дараалал эхлэл төгсгөл нь харагдахгүй, дугаарлан зогсож байгаадаа бухимдах нь бүү хэл харин ч бүүр инээмсэглэн зогсох нь гайхалтай.
Ардын жүжигчин Н.Жанцанноров үзэгчдэд хандан хэлэхдээ:
Энэ киноны хөгжмийг дахин бичих болсон шалтгаан нь уг киног бүтээсэн, сор болсон уран бүтээлчид бурхны оронд очсон байна. Үндсэндээ гол дөрвөн хүнээс би ганцаараа үлдсэн. “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг их бодож, хурдан бичсэн. 90 минутын хөгжмийг 18 хоногт бичсэн. Монгол үндэстний ариун жигүүр болсон төр ёс нь, үндэсний өөрийнх нь зан үйл,үүх түүх, сэтгэлгээний соёлын үндсэн цэг дээр тулдаг. Энэ түүхэн кино өөрөө мундаг бүтээл болсон болохоос миний хөгжмөөс болоогүй байх гэж даруухнаар хэлээд авна лээ. Мөн 30 жилийн өмнө энэ хөгжмийг бичүүлсэн 13 хөгжимчин энд сууж байгаа нь гайхалтай байсан. Мандухайн хөгжмийг үзэгчдэд ойлгомжтой байлгахын тулд гурван хэсэгт хуваажээ. Дөрвөн удирдаач удирдаж байв. Эхний хэсэгт найман хөгжим сонсоно, дараагийн хэсэгт таван хөгжим, үлдсэн хэсэгт долоон хөгжим сонссоноор агуу бүтээл маань өндөрлөж, үзэгчид догдолсон сэтгэлээ илэрхийлэн тасралтгүй алга ташсаар хоёр цаг гучин минутын кино концерт өндөрлөв.
МУАЖ А.Дашпэлжээ:
Үзэгчдийг уйлтал нь уяртал, баясал төртөл ийм сайхан хөгжим хийдэг гэдгийг би энэ киноны хөгжмөөс мэдэрсэн. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг алга. Анх энэ хөгжмийг сонсоод “Хөгжим ийм гоё гэдгийг одоо л мэдэж байна” гэж уулга алдаж байснаа энд хэлэх нь зөв болов уу. Энэ сайхан хөгжмийг бүтээсэн Н. Жанцанноровтоо маш их баярлалаа, цаашдын уран бүтээлд нь улам их амжилт хүсье гэлээ.
Төрийн соёрхолт Н.Сувд:
“Мандухай сэцэн хатан” киног 30 жил өнөөдрийг хүртэл догдлон үздэг үзэгчдэдээ, мөн Н. Жанцанноровтоо 30 жилийн дараа энэ киноны хөгжмийг дахин тоглуулах гэж ямар их хүч гаргасныг, хөгжмийг дахин амилуулж байгаад маш их баярлалаа. Энд хуран цугласан үзэгчид та бүхэн энэ гайхалтай хөгжмөөр дамжуулан киногоо бүрэн эхээр нь үзэх болно гэдэгт би маш их итгэлтэй байна. Хөгжим бол гайхалтай урлаг. Манай Н. Жанцанноров бол гайхалтай хүн, би чамаараа маш их бахархаж байна. Ингээд та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэснээр тасралтгүй алга ташилтан дунд концерт эхлэв.
Киноны хөгжмөөс та монгол хөгжмийн уламжлал, түүх, түүхэн бие хүн, цаг төрийн явдал, оюун сэтгэлгээний хэв маягийг шинэ эрин цагт эгшиг- сэтгэлгээний түвшинд илэрхийлэхийг зорьсон хөгжмийн зохиолчийн хичээл, зүтгэлийг мэдрэх болно. Симфони найрал, Морин хуурын чуулга, найрал дуучид, үндэсний хөгжимчид, уртын дуучид, хөөмэйчид Чулууны Чинбатын удирдлагаар бүрэн эхээр нь анх удаа эгшиглүүллээ. Нийт 21 хөгжим тоглогдсоноос тоймлон хүргэвэл.
Мандухай эх хатан нэгдүгээр чуулбар
Хан төрийн уурга
Мандухай Мандуул хааны хатан болохоор явахын өмнө, өөрийн сэтгэлт Өнөболд вантай уулзан хагацаж байгаа сэтгэлийн уянга.
Нэгэн үзүүрт сэтгэл
Мандухай хатан хоёр хүүгээ төрүүлээд, эх хүний жаргал эдэлсэн тэрхэн мөчид, унаган багын сэтгэлт Өнөболд ван орж ирнэ. Өнөболд ван Мандухайн хайрын их тэнгэр, сэтгэлийн их жигүүр, Мандухай Өнөболдын мөнхийн цагаан хун билээ.
Төрийн түмэн үйл хоёрдугаар чуулбар
Хаан хальсны маргааш
Мандуул хаан таалал төгсчээ. Хар санаатны сумны үзүүрт өнгөрчээ. Мандухай нялх үртэй хоцорч, төрийн их хэрэг толгой дээр нь буухын эх нь энэ буюу.
Эзэн төрийн сүр хүч
Хаан төрийн их цэргийн цуваа. Эх нутаг, эр зоригийн ид хав дуурсана.
Хал үзсэн нутаг минь ГУРАВДУГААР чуулбар
Сатай сайдын өчил
Эх нутгаа энх түвшин байлгахад эр цэрэг илд жад төдийгүй, оюун бодол, цэлмэг ухаан хэчнээн их түшигтэй билээ. Төрийн их түшиг болсон Сатай сайд түмэн олныхоо хувь заяаг тольдон сууна.
СЭТГҮҮЛЧ П.ОЮУНСУВД