Нийгэм
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАМД ҮҮССЭН ЦУВААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЦЭГЦЛЭВ

-Өнөөдрийн байдлаар тус чиглэлд тээврийн хэрэгслийн цуваа, дараалалгүй болсон бөгөөд тээврийн хэрэгслүүдийг Гаалийн хяналтын бүсүүд болон задгай талбайд бүрэн байршуулж дуусаад байгаа аж-
Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслийн дараалал энэ сарын 06-ны өдрөөс эхлэн 130-140 км-т хүрч, нийт 6500 орчим тээврийн хэрэгслийн цуваа үүсээд байсан юм.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, холбогдох байгууллагуудтай хамтран дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулж, Оюутолгойн авто замаар ачаагүй тээврийн хэрэгслүүдийг явуулахаар зохион байгуулсан байна. Мөн Автотээврийн үндэсний төв, Гашуунсухайт авто замын гэрээт цагдаагийн тасагтай хамтран Гашуунсухайт авто замын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, хоёр эгнээгээр 1700 гаруй тээврийн хэрэгслийн цувааг татаж, Цагаан хаданд буулгах арга хэмжээг авчээ.
Мөн тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын кемпид тэдгээр жолооч нарыг байрлуулж, дараалалд байгаа жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш болон шаардлагатай бусад зүйлээр ханган ажиллах үүрэг чиглэл өгсөн байна. Уурхайн ачилтыг түр хугацаагаар зогсоох болсонтой холбогдуулан жолооч нарыг Цагаан хад–Улаанбаатар хотын чиглэлд тээвэрлэх ажлыг Автотээврийн үндэсний төвөөс зохион байгуулжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.