Нийгэм
ТАВАНТОЛГОЙ ДАХЬ УРТЫН УРТ ТЭЭВРИЙГ ЦУЦАЛЛАА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд зогсож байгаа жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног автомашиндаа амьдардаг байдал ч арилна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх жолооч нарынхаа цалинг нэмэхийг нүүрс тээврийн 161 компанийн удирдлагуудаас хүслээ.
Цаашид төмөр зам, автозам, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох талбайтай, амрах өрөө бүхий цогцолборын ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулахаар боллоо.
Салбарын яам тээврийн хэрэгслийн дарааллыг буруулах зорилгоор автозам ашиглах тухай “Оюутолгой” компанид хандсан байна. Энэ дагуу Цагаанхад хүртэл нүүрс тээврийг гашуунсухайт автозамын эсрэг урсгалын хөдөлгөөнийг хааж, 1700 гаруй тээврийн хэрэгслийн ачааг Цагаанхаданд буулгажээ. Хоосон тээврийн хэрэгслийг “Оюутолгой” компанийн замаар буцаасан байна. Автотээврийн үндэсний төвөөс өгсөн чиглэлийн дагуу тээврийн компаниуд жолооч нараа хоол хүнс, дулаан хувцас, түлш, бусад шаардлагатай зүйлээр хангаж байна. Монгол Улс, БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байдаг. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгслийг оруулбал 13079 автомашин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд 13 мянган жолооч ажиллаж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.