Нийгэм
ЗҮҮН БҮСЭД МОНГОЛ УЛСДАА ЖИШИГ БОЛОХУЙЦ “АВТО БУУДАЛ” АШИГЛАЛТАД ОРЛОО
Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу гуравдугаар зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орлоо.
Нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1,200 м.кв талбайтай томоохон байгууламжюм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьжээ.
Нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, II давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол Улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцоллоо. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж.
Авто буудлын барилгын ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ний өдрөөс эхлэн барьж эхлүүлжээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ.
Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.
Автотээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
“Авто буудал”-ын нээлтэд Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.