Нийгэм
МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Монгол” ХХК, Ашигт малтмал газрын тосны газар, , “Блүүмберг” телевиз хамтран “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчлах, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг чуулга уулзалтад 10 гаруй орны төлөөлөгчид оролцсон юм.
Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдын итгэл нь аль нэг байгууллагын оролдлогоор бус харин төрийн бүх байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, нэгдсэн ойлголтын үндсэн дээр өргөжин тэлэх учиртайг салбарынхан онцолж байсан. Тухайлбал, Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд илтгэл тавьсан тэрээр Эрдэнэс Монгол ХХК нь урт хугацааны төлөвлөгөөндөө хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдаад Багануур ХК, Шивээ-Овоо ХК-ийн уурхайн өргөтгөлийн үйл ажиллагаанд технологийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дуулгалаа. Түүний илтгэснээр тус компани нь Олон улсын стандарт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн хөрөнгийн удирдлагын компани болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд АХБ-ны техник туслалцааны зээлийн санхүүжилтээр компанийн “үйл ажиллагаа менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг өөрийн болон охин компаниудад хэрэгжүүлж байгаа ажээ.
Чуулга уулзалтын үдээс хойшхи хуралдаанд Эрдэнэс Монгол компанийн Хуулийн хэлтсийн дарга Б.Сүндэръяа “ Уул уурхай дахь төрийн өмчийн компанийн оролцоо, тэдгээрийн засаглал, эрхзүйн орчин” сэдвээр илтгэсэн. Төрийн өмчит компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, төрийн эзэмшлийн хувьцааны төлөөллийг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг Компанийн тухай хуульд зохицуулаагүйгээс тус хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэн явуулахад төрийн өмчит компанид хүндрэл үүсдэг гэлээ.
Тэрээр Эрдэнэс Монгол компанийн өнөөгийн нөхцөл байдлыг Казакстаны Самрук Казына, Малайзын Казанах Нашионал, Сингапурын Темасек холдингс компаниудтай харьцуулан тайлбарлаж, эрдэс баялгийн салбар дахь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, олон улсын сайн засаглалын стандарт, зарчмуудыг нэвтрүүлэх талаар шаардлагатай шийдлийг олох улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь зүйтэй байна хэмээн онцолсон юм.
Боловсруулсан: С.Хүрэл

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.