Дэлхий дахинд
АНУ-ын хотуудад эсэргүүцлийн жагсаал болж байна
АНУ-ын Аризона муж улсын Финикс хот дахь Марикопа тойргийн сонгуулийн төвийн гадна олон зуун хүн цугларчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, жагсагчид Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжсэн уриа лоозон барьсан байсан ба зарим нь зэвсэгтэй байжээ.
Саналын хуудас тоолох уг төвийг хууль сахиулагчид бүслэн хамгаалсан байна. АНУ-ын Аризона, Невада муж улсуудад саналын хуудсыг тоолох ажиллагааг хууль бус болсон гэж Дональд Трампын сонгуулийн штаб мэдэгдсэний дараа ийм зүйл болжээ.
Одоогийн байдлаар Трамп сонгогчдын коллегийн 214 гишүүний дэмжлэг авсан бол Жо Байден 264 гишүүний санал авчээ. Сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой юм.
Харин Орегон мужийн Портланд хотод Трампыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна. Хэдхэн сарын өмнө арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн өрнөж байсан уг хотод эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Үндэсний гвардын цэргүүд байрлаад байгаа гэнэ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трампын амьдардаг Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт эсэргүүцлийн жагсаал болж, Трамп цамхагийг цагдаа нар хамгаалалтад авчээ.
Эх сурвалж: CNN