Нийгэм
“Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн орчинд ил байсан 84 метр цахилгааны кабелийг аюулгүй болгосон”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ил задгай шугам, сүлжээ, цахилгаан эрчим хүч хангах түгээх байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Цахилгаан хангамжтай холбоотой ялангуяа ил задгай цахилгааны кабельтай холбоотой хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд:
Сургууль, цэцэрлэгийн орчин,
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай зэрэг хүн олноор цуглардаг газрууд,
Гэр хорооллын ил задгай утаснуудад,
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани болон түүний харьяа зүүн баруун түгээх төвүүд, хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд шалгалт хийсэн.
Урьдчилан сэргийлэх шалгалтын хүрээнд 120 ААН-ийн 423 цахилгаан хангамжид шалгалт хийж 364 зөрчил илрүүлсэн. Мөн хоёр ААН-д 15,200,000 төгрөгийн торгууль тавьж барагдуулсан. “УБ цахилгаан түгээх сүлжээ” компанид хийсэн шалгалтаар 42 обьектоос 47 зөрчил илрүүлсэн.
Мөн сургууль, цэцэрлэгийн ойр орчимд болон дотор цахилгаанд хяналт шалгалт хийсэн. Энэ арга хэмжээний үеэр Хан-Уул 52 дугаар сургууль болон 67, 65 дугаар цэцэрлэгүүдийн барилгын араар 84 м урттай цахилгааны кабель ил болон хэсэгчилсэн байдлаар ашиглагдахгүй ил задгай байрласан байсныг илрүүлсэн. Уг кабелийг цэцэрлэгийн хашаа, модонд ороосон байдалтай байсныг сургууль, цэцэрлэгийн ажилчидтай хамтарч аюулгүй болгосон” гэлээ.
Дээрх мэдээллийг хийсний дараа Эрчим хүчний байцаагчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Танайхаас гаргасан мэдээлэлд 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон гэж байна. Тухайн цэцэрлэг одоо зөрчлөө арилгасан уу?
НМХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдал: -Тухайн цэцэрлэгийг Улсын комисс 2018 оны наймдугаар сард хүлээж авсан . Шалгалтын явцад цэцэрлэгийн барилгын зоорийн давхраас хөрсний ус гарч ирээд байсан. Гэтэл яг тэр давхарт нь шийт, узелийн өрөө байрлаж байсан учраас улсын байцаагч акт гарган, аюулгүй ажиллагааг нь хангуулсан.
Улмаар зоорийн давхарт байсан техникийн өрөөг нэгдүгээр давхар руу шилжүүлсэн.
Одоо тус цэцэрлэг үйл ажиллагааг хэвийн явуулж байгаа.
-Энэ шалгалтыг хийснээр ямар үр дүнд хүрсэн гэж дүгнэж байна вэ?
-Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчинд хийсэн шалгалтаар цахилгааны дотор хангамж, цахилгаан тоног төхөөрөмж нэлээн хуучирсан байсныг илрүүлдэг. Гэвч энэ шалгалтыг дараа жил дахин хийхэд энэ асуудал яг л хэвэндээ байдаг. Энэ нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэхгүй, хөрөнгө оруулалт тавигдахгүй байгаатай холбоотой.
Сургууль, цэцэрлэгийн ойр орчим, хүн олноор цугларсан газруудад шон буулгах, тагтай болгох, ил задгай цахилгааны утсыг стандартын дагуу газарт буулгуулах, шаардлагагүй кабелийг татаж авч хураах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүний биелэлт нь 94 хувьтай байна гэж тооцож байгаа.
-“УБ цахилгаан түгээх сүлжээ” компанийн сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй ажил, үйлчилгээ явуулсан ААН-үүдийг илрүүлсэн гэж байна. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын байгууллагаас гадна тухайн төрийн өмчит компани өөрөө бас хяналт тавих ёстой юу?
-“УБ цахилгаан түгээх сүлжээ” компанийн эзэмшлийн дэд станц, шугам сүлжээний дор үйл ажиллагаа явуулж байгаа 4,347 ААН, иргэн байна гэсэн судалгаа гарсан. Иргэд шугамын дор дур мэдэн буудаг. Зөрчлийг нь арилгуулах гэхээр эзэнгүй хашаа орхиод явчихдаг. Гэр хороололд бол шугамын дор гэрээ бариад буучихдаг. Эдгээр иргэн, ААН-ийг цахилгаан эрчим хүчээр хангахгүй байх үүрэг нь “УБ цахилгаан түгээх сүлжээ” компанид бий. Тиймээс бид албан шаардлага хүргүүлж эрчим хүчийг нь хязгаарлуулсан.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.