Нийгэм
Ч.Дэлгэрсайхан: Усан спорт хүүхдийг хатуужилтай, зорьсондоо хүрэх чадвартай болгодог

Цэцэрлэг, дунд сургуулийн насныхны урт хугацааны амралт удахгүй эхлэх нь. Хэдийгээр утаанаас сэргийлэх зорилготой амралт боловч энэ хугацааг хүүхдийнхээ биеийг чийрэгжүүлэх, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх боломж гэж харах нь зүйтэй болов уу. “Ардчилал таймс” сонины “Эрүүл мэнд” булан энэ удаад усан спортыг онцлон танилцуулж байна.
Баянзүрх дүүрэг дэх “Тэмүүлэл” спорт төвийн багш, усан спортын дасгалжуулагч Ч.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Олон төрлийн спорт байдаг. Үүнээс усан спортыг сонгох шалтгаан гэвэл та юу хэлэх вэ?
-Хүн усанд тасралтгүй сэлснээр дархлаа болон цусны эргэлт сайжирдаг. Биед байнгын массаж болж байна гэсэн үг. Тиймээс хүүхэд багаасаа усан спортоор хичээллэвэл маш эрүүл чийрэг өснө. Түүнчлэн зүрх, судасны үйл ажиллагаа сайжирна. Ер нь идэвхитэй хөдөлгөөнтэй байна гэдэг биед ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Ер нь бүх төрлийн спорт тэсвэр хатуужил суулгадаг. Ялангуяа, усан спорт. 500 метр хүртэлх замд сэлэх ёстой байхад түүнийгээ дуустал бүх хүчээ дайчилна. Ингэж хүүхдэд зорилгодоо хүрэхимйн төлөө тэмцдэг чадвар суулгадаг.
-Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд мөн нөлөөлдөг үү?
-Нөлөөлөлгүй яахав. Хүүхэд өөрөө усанд сэлэхдээ хагас дутуу орхиод байх магадлалтай. Багш хажууд нь байгаад шаардлага тавихаар 500 метр яваад сурчихсан хүүхэд дараа нь 1000 метр явахын төлөө зүтгэнэ. Тэр утгаараа тэвчээр суулгана. Тэр хандлагаараа хичээл номондоо ч гэсэн мэрийлттэй болчихдог. Нэг бодлогыг бодож чадахгүй байна гээд орхидог байсан бол заавал дуусгадаг болдог гэх мэтээр эерэг чанарууд суучихдаг юм.
-Ус биед яг яаж нөлөөлдөг болоод дархлаа сайжруулдаг юм бол?
-Яг тийм үйлчлэлээр нөлөөлдөг гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эрүүл мэндэд үнэхээр сайн гэдгийг нь би өөрийнхөө амьдралаар нотолж байгаа хүн. Би одоо 62 настай. 1974-1980 оны хооронд Эрхүүгийн Политехникийн их сургуульд суралцаж байх үеэсээ л усанд сэлж эхэлсэн. Ингээд сүүлийн арван жил орчим хугацаанд дахин усанд сэлээгүй юм. Гэтэл даралт ихэсдэг болчихсон. Тиймээс буцаад усаар хичээллэж эхэлсэн. Ердөө зургаан сарын дараа биед ямар ч зовиур, өвчлөл байхгүй болсон доо.
Дотор нь байгаад дасчихаар ус их сайхан л даа. Хүнд сэтгэл санааны ханамж өгдөг. Цаг хэртэй сэлээд гарч ирэхээр ажил төрөл хиймээр санагдаад, эрч хүч, сэтгэл санаа, эд эс сэргэчихсэн байдаг. Нойр хүрч байсан бол сэргэлэн цовоо болчихдог. Өдрийн ажил хийхэд эрч хүчтэй болчихдог. Бүтэн өдөр ажилласан ч ядардаггүй.
-Эрүүл мэндийн шалтгаанаар спортоор хичээллэж эхэлсэн хүмүүст гарсан үр дүнгүүдээс та ярьж өгөөч?
-Би эмчилгээний журмаар хичээл зааж байгаагүй. Сайн дураараа нуруугаа эмчлэх гэж байгаа гэсэн хүмүүс ирдэг. Хэд, хэдэн хүн ирсэн. Хэдэн сар хичээллээд “Гайгүй болчихлоо, зүгээр болчихлоо” гэдэг. Эмч нар бассейнд сэлэхийг зөвлөдөг гэсэн.
-Хүүхдүүдээ усан спортоор хичээллүүлсэн эцэг, эхчүүд хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Жишээлбэл хүүхдүүдийнх нь төлөвшилд ингэж, тэгж нөлөөлсөн гэж ярьж байх юм уу?
-Хүүхэд нь сэлж сураад ирэхээрээ хичээлээ хурдхан хийчхээд бассейн руугаа явна гээд тэмүүлээд гүйдэг гэсэн. Нэг сэлээд сурчих юм бол дуртай болчихдог л доо. Дөрвөн төрлийн сэлэлт заадаг юм. “Мэлхий”, “өврөөр сэлэлт”, “араараа сэлэлт”, “делфин” буюу монголоор “эрвээхий сэлэлт” гэж нэрлэдэг. Төрөл тус бүрийг сурахдаа хүүхэд ойролцоогоор нэг сар зарцуулдаг. Сурах тусам л амтанд нь ороод байдаг. Гэр бүлээрээ ч орж л байна.
-Усыг гоо сайханд их эергээр нөлөөлдөг гэж бас сонссон юм байна?
-Энэ талаар эрдэмтдийн судалгаа байдаг юм билээ, уншиж байсан. Ялангуяа усанд сайхан сэлчхээд орой нь гэртээ очоод нам унтдаг. Хажууд гэрийнхэн нь шуугилдаж байсан ч сэрэхгүй бөх унтдаг. Энэ яаж байна вэ гэхээр, усанд сэлэхээр хүн биедээ тодорхой хэмжээний ачаалал авчхаж байгаа учир сайхан амарч байгаа хэрэг. Өглөө босоод толинд харахаар бүх арьс гөлийгөөд, тэнийчихсэн байдаг. Бүр мэдэгдэм шүү.
Миний хувьд усанд сэлсний дараа эд, эс эрс сэргэж байгааг мэдэрдэг. Цаг хэртэй сэлээд гарч ирэхэд их цовоо сэргэлэн болсон, сонсгол сайжирсан, нүдний хараа хурц болчихсон байх жишээтэй. Цусны эргэлт сайжирдаг болохоор тэр байх.
-Орчин үеийн хүмүүсийн нийгмийн өвчин гэж ярих юм уу, стрессийн тухай их сонсогдох болжээ. Хүүхдүүдэд хүртэл илэрч байна гэж. Гар утас, дэлгэцийн хэрэглээнээс болоод?
-Эцэг, эхчүүд хүүхдээ, “Гар утсаараа оролдоод хичээлээ хийхээ ч байлаа, тиймээс усаар хичээллүүлж чөлөөт цагийг нь өнгөрөөе” гэсэн бодолтой л ирдэг юм билээ. Хүүхэд дуртай зүйлтэй болоод ирэхээрээ хэл үггүй хичээлээ хийдэг, эцэг эхийнхээ тавьсан шаардлагыг биелүүлдэг, үгэнд нь ордог болчихдог юм байна л даа.
-Усанд сэлэхийг хориглох заалт гэж байдаг уу?
-Байлгүй яахав. Тархины гэмтэлтэй, татаж унадаг хүүхэд усанд орж болохгүй. Усанд сэлж байгаад ухаан алдвал живэх аюултай. Тийм өвчтэй гэдгээ хэлэхгүй нуух тохиолдол заримдаа гардаг. Арьс өнгөний болон цагаан хорхойн шинжилгээ нь зүгээр гарсан бол эрүүл мэндийн өөр асуудалгүй гэж хэлээд хүүхдээ оруулж ирдэг тохиолдол бий. Хүүхдийн тархины гэмтлийг нууж болохгүй. Эсвэл зүрхний өвчтэй хүн аюултай. Яагаад гэхээр ачаалал их авч байгаа учраас зүрх хаагдах магадлалтай. Ийм хүмүүс багшийн хяналт дор, аажим, аажмаар биедээ дасгаж сэлэх хэрэгтэй.
-Усан спортын тамирчинтай адил хэмжээнд ачаалал авахгүйгээр, зөвхөн бие бялдраа хөгжүүлэх зорилгоор хичээллэе гэвэл ямар хугацаанд хичээллэх нь зохистой вэ?
-Доод тал нь хоёр жил хичээллэх хэрэгтэй. Зундаа амарчхаад, бусад үед нь долоо хоногт 2-3 удаа ажлынхаа зав чөлөөгөөр явчхаад байхад болно. Оюутан, сурагчид ч ялгаагүй. Зуны гурван сард бол амарч болно. Намраас өвлийн хооронд зургаан сарын хугацаанд долоо хоногт 2-3 удаа тасралтгүй хичээллэхэд хүний бие бялдар их сайхан болчихдог. Бас эрүүл чийрэг, золбоолог болно. Бусад спортод ч гэсэн эвсэлтэй болчихдог. Гол нь ачааллаа зөв авах хэрэгтэй.
-Сүүлийн үеийн хүүхдүүд жингийн илүүдэлтэй байх тохиолдол цөөнгүй байна. Арьс нь хатуу чанга байна. Тийм хүүхдүүд усанд явбал жин хасах болов уу?
-Тийм хүүхдийг сая хэлсэнчлэн хоёр жил тасралтгүй хичээллүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр эхний нэг жилд сайн сэлж сурчхаад хоёр дахь жилд нь хамгийн багадаа нэг км замд сэлээд ирэхээр мах нь шуугдаад ирдэг. Би өөрөө арван жил хичээллэхгүй завсарлахад “гүзээтэй” болоод эхэлсэн. Ингээд зургаан сар сэлсний дараа гэдэс унжихаа больчихсон.
Таны хэлдэг үнэн. Сүүлийн үеийн хүүхдүүд ямар хоол идээд байдаг юм, 1-2 дугаар ангийнх байсан ч ялгаагүй жингийн илүүдэлтэй орж ирж байна. Тэгээд хөдөлгөөний хомсдолд орчихсон байна. Золбоолог, далайцтай хөдлөхөө больчихсон. Аахилаад л байдаг. Ийм хүүхдүүд усан спортоор хичээллээд хоёр жилийн дараа жингээ хүссэн хэмжээндээ хаяна.
-Сонирхол байхгүй бол хүүхэд ямар ч зүйлийг хийхгүй шүү дээ. Хүүхдийг хэрхэн усанд дуртай болгох вэ?
-Би 10 жилийн сургууль төгсөхдөө усанд маш дургүй хүүхэд байсан. Тэгээд Эрхүүгийн бассейнд нэг удаа сургалтад суугаад л дуртай болчихсон. Сэлэлтийн техник заалгаад, урам аваад л улам дуртай болсон. Хажуу талд өөр хүүхэд сайн сэлж байхыг харахаар бас тэдэн шиг болмоор санагдана. Тэгээд л өөртөө зорилго тавьдаг болчихсон.
-Өвлийн улиралд усан спортоор хичээллэх аюултай биш үү. Чийг авчихсан биетэй гадаа хүйтэн агаарт гарах нь аюултай юу?
-Гаднаас орж ирсэн хүмүүс халуун шүршүүрт орчхоод бассейндаа ордог. Бассейны температур +28 градус. Хүний биеийн температур +36 шүү дээ. Тэгэхээр доод тал нь найман градус уначихна. Эхэндээ ус хүйтэн юм шиг санагдах боловч удахгүй дасаад дулаахан санагддаг. Нэг ёсондоо хүн ингэж чийрэгждэг байх нь. Уснаас гараад биеэ бүрэн хатаагаад, дулаан хувцаслаад гарахад асуудалгүй.
-“Тэмүүлэл” спорт төвд хамгийн удаан хугацаанд усан спортоор хичээллэж байгаа хэдэн хүүхэд байна вэ?
-Багадаа 15 жил хичээллэсэн, спортын мастер болчихсон, олон улсын тэмцээн, уралдаанд оролцдог хүүхэд олон бий.
Х.НОМИН

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.