Нийгэм
‘Содмонгол’, ‘Магнай трейд’ зэрэг есөн ААН шаардлага хангахгүй бензин зарж байсныг тогтоожээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч компаниудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг өнөөдөр танилцууллаа. Шалгалтаар есөн шатахуун импортлогч компани шаардлага хангахгүй бензин зарж байсан нь тогтоогджээ.
Тодруулбал, тус газраас Петростар, Магнай трейд, М-Ойл, Шунхлай трейдинг, Содмонгол, Жаст-Ойл, Синчи-Ойл, Монсуль, Ойн бирж зэрэг аж ахуй нэгжийн АИ-92 авто бензин дэх марганецын агууламж их хэмжээгээр буюу 0.6-0.9 мг/дм3-тай тодорхойлсон байна. Стандартын дагуу маргенцийн хэмжээ 0.25 мг/дм3 байх ба түүнээс доош хэмжээтэй байх ёстой аж. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги юм байна.
ШӨХТГ-аас дээрх есөн аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин, техникийн шаардлага MNS 0217:2017” хэмээх Монгол Улсын стандартын шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогджээ.
Мөн тодорхой хэд хэдэн компаниудын шатахуун октаны хэмжээндээ хүрэхгүй байжээ. Дээрх зөрчилтэй холбогдуулан тухайн шатахуун импортлогч байгууллага тус бүрд есөн сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. “Монсуль” компанийн ШТС-ууд бензинээ дутуу шахаж байсан зөрчлийг арилгуулж, таван сая төгрөгөөр торгосон байна.
Үүнээс гадна зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор 12 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. “Магнай трейд” компанийн зөвшөөрлийг цуцлах саналыг гаргасан байна.
ШӨХТГ
Харин “дээрх есөн газрын бензинд агуулагдах марганец хаана хольсныг тогтоох боломжгүй байна. Компаниудын өгч байгаа мэдээллээр Ростнефтийн шатахуун шинжилгээний бичигтэй ирдэг. Мөн тухайн бензинийг гаалиар орж ирэхэд хийлгэсэн дүгнэлт нь хуульд нийцэж байгаа гэсэн мэдээллийг ШӨХТГ-т өгсөн” хэмээн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.