Энтертайнмент
“Язгуур” 100 ангит хүүхэлдэйн кино бүтээж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Ярих ур чадварын академи”, “Язгуур контент” компанитай хамтран “ЯЗГУУР” үндэсний төслийн хүрээнд хүүхэд бүрийг үнэт зүйлээ өвлөн хөгжүүлэгч, Монгол хүн болгон төлөвшүүлэх зорилготой “ЯЗГУУР” 100 ангит 2D анимэйшн хүүхэлдэйн кино хийж эхлээд байна. Энэхүү хүүхэлдэйн киноны гол дүрийн баатар, Хөвсгөл далайн хүү, эрэлхэг зоригт Явуубаатарын хүүхэд насны адал явдалт түүхийг өгүүлсэн Хүүхдийн хамгаалагч сахиус ЯВУУБААТАР комик ном уншигч хүүхэд багачуудын гар дээр очиход бэлэн болсон байна.
Энэ талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа, Язуур үндэсний төслийн санаачлагч Г.Ганчулуун нар мэдээлэл хийв.
“Манай копаниас 2016 онд санаачилсан Язгуур үндэсний төсөл өнөөдөр биелэлээ олж байна. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хийж байгаа Язгуур олон ангит хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудын нэг Явуубаатарын дүрээр комик ном гаргалаа. Явуубаатарыг нийгэмд хүүхдийг хамгаалагч сахиус хэмээн таниулж байна. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийг ярьж буй энэ цаг үед хүүхдүүдийн өөрийн гэсэн ертөнц, үлгэрийн ертөнцөд нь өөрийг нь хамгаалдаг баатартай гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх онцлогтой үндэсний томоохон контент гэж хэлж болно. Эцэг эхчүүддээ хандан хэлэхэд Явуубаатар комикийг худалдан аваад ярих ур чадварын академийн сургалта болон язгуур үндэсний сургалт хүмүүжлийн хөтөлбөрт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжтой” хэмээн төслийн санаачлагч Г.Ганчулуун ярилаа.
Явуубаатар комик нь цаашдаа Цэцэнхүү, Цэлмэг охин зэрэг гол дүрийн баатруудаар нэрлэгдсэн 10 цуврал болон гарах гэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.