Нийгэм
Налайх-Улаанбаатарын хурдны автозамын ажил дөрөвдүгээр сард эхэлж арваннэгдүгээр сард дуусна

Зам, тээврийн хөгжлийн яаманд Налайх-Улаанбаатар чиглэлийн хурдны автозамыг барих ажлын талаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, Сангийн яамны төлөөлөл, Нийслэлийн засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч П.Баярхүү тэргүүтэй холбогдох албаны төлөөлөл өнгөрсөн Баасан гарагт хуралджээ.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар замын зураг төсөл, түүнийг дагаж хийгдэх газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дууссан гэж Нийслэл хотын засаг даргын орлогч П.Баярхүү мэдээлжээ.
Барилгын ажлын гүйцэтгэгчээр таван компани санал ирүүлснээс “Сино Хайдро” ХХК шалгарч, дотоодын 20 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Энэ долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар уг чиглэлийн автозамын бэлтгэл байдлын талаар танилцуулга хийхээр төлөвлөж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар хэлээд холбогдох байгууллагууд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцлов.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг хоёр жилийн дотор барихаар төлөвлөж байсан бол нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлыг эрчимжүүлснээр энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар тооцжээ. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд хамтран нарийвчилсан график, төлөвлөгөө гаргаж энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон талаар ЗТХЯ мэдээлжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.