Нийгэм
Mulan кинонд Монголын морьт харваачид тогложээ
ЭНЭ ӨВ СОЁЛОО ТООХГҮЙ ЯВСААР ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛЖ ЧАДААГҮЙ
Эртний монгол загвартай дээл өмссөн 20 гаруй залуу гүйх зуураа нумаа хөвчрүүлэн сум тавих аж.
Ням гарагийн өглөө 10.00 цагт Монголын залуучуудын холбооны босгоор давангуут энэ чимээнд хөтлөгдөн заал руу нь явж орлоо. Шуу хийгээд бүсэлхий хэсэг нь нарийн, Хүннү загварын дээлтэй харваач залуучууд цог золбоотой, жавхаалаг харагдсаныг тодотгоё.
Харамсалтай нь эртний харвааг мэддэг, заадаг хүн байхгүй, үндсэндээ бараг устсан.
2019 оны өмнөхөн хүүхэд, залуучуудад зориулсан морьт харвааны сургалтын төв МЗХ-нд хичээллэж эхэлсэн байна. Тус сургалтыг онцолж буй шалтгаан нь манай морьт харваачид дэлхийд хэдийн Монголын шинэ нүүр царай болжээ.
Энэ талаар Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатар болон тус холбооны дэргэдэх “Намнаа” клубийн багш Н.Алтанхуяг нартай ярилцлаа.
-Морьт харвааг хэзээнээс зааж эхэлсэн бэ?
-Н.Алтанхуяг: Сүүлийн 2-3 жил би энэ харваагаар дагнан хичээллэлээ. Харин клубээ нээгээд сар гаруй л болж байна. Хүмүүс маш их ирж байгаа. Таван настайгаас эхлээд 40-өөс дээш насныхан ирж хичээллэж байна. Эхний элсэлтэд 30-аад хүн хамрагдсан. Одоо мөн төдий тооны хүн байна. Би түүх, өв соёлдоо их сонирхолтой хүн.
Энэ харваагаар хичээллэхээс өмнө наадмын харваагаар хичээллэдэг байсан. Гэтэл эрийн гурван наадмын нэг төрөл болох харваа нь эртний монголынх биш байсныг ойлгосон. Эртний монгол харваа бол наадмынхаас огт өөр техниктэй байсан. Наадмынх бол харваачдад оноо өгч, сум болоод гар дээр нь тэмдэглэгээ хийх зэргээр хүний харвах мэдрэмжийг нь устгасан тул сохор харваа гэж нэрлэдэг.
Харамсалтай нь эртний харвааг мэддэг, заадаг хүн байхгүй, үндсэндээ бараг устсан. Тиймээс би морьт харвааны холбооныхонтой хамтран судалгаа хийж, дахин нутагшуулахаар ажиллаж байна.
-Эртний харваа ямар онцлогтой байсан юм бэ?
-Н.Алтанхуяг: Эртний монгол техникийн онцлог бол харваач мэдрэмжээрээ харвадаг. Хэдэн метрийн зайд байсан ч хүн мэдрэмжээрээ байлддаг онцлогтой. Ямар ч зайд баригддаггүй. Энэ талаар түүхэн зургууд болон эртний монголчуудын эзэлж байсан улс орнуудын харвааны техникийг судалсан.
Туркүүд, эртний Персүүдийн газар нутагт байгаа ард түмэн, өмнөд солонгосчууд бол манай эртний харвааны өв соёлыг тээж үлдсэн ард түмэн. Энэ төрлийн харваанд зэрэг цол гэж байдаггүй. Мэргэн л гэж хүн байсан. Яг одоо манай залуучууд эргэж харахдаа харваж байна. Үүнийг “хударган гудас намнаа” гэж нэрлэдэг. Морин дээрээс харвахад их ончтой, дайсандаа ч хөнөөлтэй байдаг.
2019 оны өмнөхөн хүүхэд, залуучуудад зориулсан морьт харвааны сургалтын төв МЗХ-нд хичээллэж эхэлсэн байна.
Дайсан хажуугаар нь зөрөөд давхичихлаа гээд бодож байтал эргэж хараад харвадаг. Мөн тойрч давалгаалж, цувж харвадаг харваа бас бий. Морьт харвааны нэг онцлог бол хөдөлгөөн дундаа харвах ёстой тул маш хурдан сумлах авхаалж самбаа шаарддаг. Энэ бүх ур чадварыг эхлээд зааланд суралцдаг. Хөдөлгөөнтэйд нум сум агсаж, сум тавьж сураагүй хүн бол морин дээрээс харваж чаддаггүй.
Тэгээд дайсан нь хэдэн метрт давхиж байсан ч хамаагүй онодог нь угаасаа эртний харвааны онцлог. Тэгэхээр хүний мэдрэмжийг ийм болтол нь хөгжүүлдэг юм. Гэтэл орчин үеийн наадмынхан зураасны цаана алцайж зогсчихоод 75 метрийн цаадах хасааг харвадаг. Энэ бол үхмэл харваа. монголын өв соёлыг гутааж байгаа хэлбэр гэж би үздэг. Жуулчид монголын галтай цогтой, цэц мэргэн харваачдыг харах гэж ирдэг болохоос хэдэн булцуутай сум тавьж, гулгаа массаж аятай үзүүлбэр үзүүлж болохгүй.
-Та морьт харвааны өв соёлыг тээж үлдсэн орнуудын талаар дурдлаа. Энэ төрлийн харваа дэлхийд хэр зэрэг түгсэн бэ?
-Н.Алтанхуяг: Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байдаг юм. Гэтэл манайх энэ соёлоо тоохгүй байсаар ЮНЕСКО-гийн өв соёлд бүртгүүлж чадаагүй, өмнөд солонгосчуудад алдсан шүү дээ. Морь унасан, нум сум харвасан нь монголчууд гэж дэлхий төсөөлөх ёстой байтал өнөөдөр солонгосчууд дэлхийн аваргын чансааг тодорхойлж байна. Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд өөрсдөө тэр соёлоо тээсэн байх шаардлагатай.
Солонгосчууд тээж байгаа гэдгээ харуулж чадсан. Манайх л чадахгүй байна. Сайхан мэдээ гэвэл, сүүлийн хоёр жилд Солонгост ажиллаж, амьдардаг Эрдэнэ гэдэг залуу дэлхийн аварга болсон. Гэвч үүнийг монголчууд өөрсдөө ч мэдээгүй байна.
Мөн дэлхийн томоохон тэмцээн уралдаанд түрүүлсэн тамирчид манай морьт харвааны холбоонд ч бий. Үүнийг харамсалтай нь хэн ч мэдэхгүй. Бүгд л бөх, хурдан морь гэдэг боловч хурдан морьдыг унаад, дэлхийг эзэлж байсан өв соёлоо гайхуулсан мундаг тамирчдаа тоохгүй байгаа нь харамсалтай.
-Энэ спортоор хичээллэе гэвэл хэр зэрэг зардалтай вэ?
-Н.Алтанхуяг: Өндөр шүү. Байт харваанаас өндөр. Чи бод л доо, морь унана, бас сум нь хугардаг гэхээр зардал өндөртэй. Бэлтгэлийн гарын ая даах сумыг гадаадаас л захиж авчирч байна.
Нэг сум дунджаар 6-18 мянган төгрөг. Нум нь 300 мянгаас нэг сая төгрөгийн үнэтэй. Одоохондоо бидний гарын ая даахаар нум сум монголчууд хийж чадахгүй байна. Тийм нум сум байгаа бол үнэхээр дотоодынхоо зах зээлийг дэмжмээр байна. Хичээллэж байгаа хүмүүс өөрсдөө боломжтой бол нум сумаа худалдаж авдаг.
-Сургалтын захиалга хэр байна вэ?
-Б.Болдбаатар: Маш их байна. Ялангуяа хүүхдэдээ энэ өв соёлыг уламжлуулах хүсэлтэй эцэг, эх их ханддаг болсон. Үндэсний сурын харваагаар хичээллэж буй хүүхдүүд зөвхөн нум сумтайгаа нөхөрлөдөг бол морьт харвааныхан нум сумаас гадна морьтой нөхөрлөдөг. Хүн мориноос маш ихийг суралцаж, улмаар ахуйтайгаа нөхөрлөдөг.
Морь хүнийг хүмүүжүүлж, хатуужуулдаг. Тиймээс хүүхэд хүмүүжлээ олж чадахгүй байгаа өнөө үед эртний харваагаар хичээллэх нь хамгийн үр дүнтэй. Монгол хүүхдүүд өдөржин компьютерийн ард суусаар бие нь сулбайж, хараа нь муудаж байна. Харин энэ харваагаар хичээллэснээр хүүхдийн бие чангарч, нум сумаар байгаа онохын тулд хараа нь хөгжиж, цэц мэргэн болдог.
Үүнээс гадна оюуны өндөр ачаалалтай, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүс энэ спортоор хичээллэснээр стрессээ тайлж, биеийн чилээгээ гаргана. Зөвхөн зогсоогоос бус газраас сумаа маш хурдтай, олон дахин сууж босож авах, гүйж харвах гэх мэтээр авхаалж самбаа шаарддаг учраас хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст маш хэрэгтэй.
“WALT DISNEY-ИЙН УРИЛГААР MULAN КИНО ТӨСӨЛД ОРОЛЦООД ИРЛЭЭ”
-Танай холбооны каскадёрууд саяхан Walt Disney-н бүтээл Mulan кинонд тоглоод ирсэн гэсэн. Ер нь каскадёруудын хамтын ажиллагаа хэр хөгжиж байна вэ?
-Б.Болдбаатар: Би морьт харвааны холбооны үйл ажиллагаанаас гадна кинонд орлон тоглогчоор ажилладаг. Жүжигчдийн үзүүлэх боломжгүй хүнд үзүүлбэр, тулааны хэсэг дээр морьтой онхолдох, цоройлгох, галдах, машин тэрэг мөргүүлэх, өндрөөс унах зэрэг үзүүлбэрийг хийдэг. Би 12 жилийн өмнө монголын киноны орлон тоглогчдын “Тэнгэрийн чимэг” клубийг үүсгэн байгуулж байсан.
Холливуудын ертөнцөд монгол хүний үнэ цэнэ, тэсвэр тэвчээр, ур ухааныг гайхуулж, талын морьтнууд мандсан гэдгийг онцолъё.
“Тэнгэрийн чимэг” бол ихэвчлэн морьт каскадёруудаас бүрдсэн баг. Энэ багийг “Ар хударга” зэрэг тулаант киноны каскадёроор ажилладаг нэгэн клубтэй нэгтгээд “MongolStunt” буюу “Монголын эр зоригийн дайчид” гэсэн нэрээр олон улсын зах зээлд гарч ажиллаж байна.
Одоогоор бид олон улсын 6-7 төсөл дээр ажилласан. Тухайлбал, Netflix-ийн Marco Polo, саяхан Walt Disney-ийн урилгаар холливудад очиж Mulan кино төсөлд 54 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Шинэ Зеландад амжилттай ажиллаад ирлээ.
-Манай кастадёруудын эрэлт хэр байгаа вэ?
-Б.Болдбаатар: Эрэлтийг бид өөрсдөө л бий болгосон доо. Ж.Сэнгэдорж найруулагчийн “Үргээлэг”, “Босуул” зэрэг кино гарсны дараа иймэрхүү тулаант киног үзэгчид их үзэж, ашиг орлого ихтэй байна гэж уран бүтээлчид тооцсон уу, яасан бид нарт маш их хандах болсон.
Үүний ачаар гаднын кино урлагийн мэргэжилтнүүд монголд мэргэжлийн каскадёрууд байдгийг олж харж, урьж ажилласан даа. Marco Polo кино төсөл дээр гэхэд есөн орны 64 каскадёр ажилласан. Домогт Gladiator, Troy, The 300 Spartans киноны каскадёруудтай хамтарч ажиллан, маш их зүйл харилцан суралцсан.
-Таны туршлагаас харахад дэлхийн кино урлагийн орлон тоглогчийн зах зээлд Монголын давуу тал юу вэ?
-Б.Болдбаатар: Дэлхий бол биднийг талын морьтнууд гэдгээр мэддэг. Тухайлбал, сая Mulan кинон дээр Модун Шанью, Нирунчуудын их цэргийн дайралтын хэсгийг харуулахад талын морьтнууд л чадна гэдгийг Marco Polo-гоос л олж харсан байсан.
Энэ дагуу Avatar, The Lord of the Rings киноны морьтон Вэйн гэж хүн биднийг Mulan-д тоглохыг урьсан. Анх бид 15-уулаа явахаар төлөвлөсөн ч Вэйний тусламжтай 54-үүлээ явсан.
Бид тэр хүмүүсийн итгэлийг алдаагүй. Холливуудын ертөнцөд монгол хүний үнэ цэнэ, тэсвэр тэвчээр, ур ухааныг гайхуулж, талын морьтнууд мандсан гэдгийг онцолъё. Холливуудын дараа дараагийн үүд хаалга бидэнд нээгдсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий биднийг морьтон гэдгээр мэддэг.
Бид мэргэжлийн морьт харваачид учир бамбай барьж чаддаг, бамбайн доороос нум сумаар харваж чаддаг чанарууд маань бидэнд давуу тал болдог. Тэгэхээр манай залуучууд морьт харвааны ур чадвараар дэлхийд каскадёрын түвшинд үнэлүүлэх үнэлэмж нээлттэй болж байна.
-Тэнд хаалга нээгдсэн юм байна. Тэгвэл энд тамирчид, залуу үеэ бэлтгэхэд юу хийх шаардлагатай вэ. Танай холбоо энэ бүхнийг аваад явах боломжтой юу?
-Б.Болдбаатар: Шударга занг амьдрал үргэлж шагнадаг гэдэг үгэнд би итгэдэг, амьдралын минь зарчим. Тийм учраас бид одоохондоо шударга хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө хүний гар харахгүй 20 нум, 200 ширхэг сум худалдаж аваад хойч үеэ бэлтгээд ажиллаж л байна. Нум гэмтэх, сум хугарах тохиолдол маш их.
Нөгөөтэйгүүр, морьт харвааг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь хөрөнгө санхүү.
Гэхдээ шавь нараа бэлтгээд авсан байхад дэмжлэг аяндаа ирнэ гэж найддаг. Ямар ч байсан өнөөдөр холбооны нэр дээр 10 морьтой.
Номхон дээр нь хүүхдүүдээ унуулж сургаад, хурдтай дээр нь тамирчдынхаа чадварыг улам сайжруулж, хурдтай мэргэн харвадаг болгохын төлөө зүтгээд ажиллаад явна.
-Каскадёруудын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудал юу вэ?
-Б.Болдбаатар: Юуны өмнө морьт харвааны тамирчид даатгуулсан байх ёстой. Өнөөдөр монголд даатгалын маш олон компани байдаг ч харамсалтай нь уран бүтээл дээр ажиллаж байгаа тамирчид даатгал хийлгэе гэтэл нэг нь ч хүлээж авдаггүй. Гэтэл дэлхийн уран бүтээлчид маш том даатгалтай ажилладаг юм.
Одоогоор бид гэнэтийн ослын даатгалын нөхцөлийг бага зэрэг өөрчлөөд даатгуулахаар ярьж байгаа. Ганц нэг компани эерэг хариу өгсөн. Ер нь даатгалын салбарынхан энэ ажлыг маш сайн ойлгож байгаа.
Ажил болно гэдэгт найдаж байна. Нөгөөтэйгүүр, морьт харвааг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй зүйл нь хөрөнгө санхүү. Морьт харваа материаллаг орчин маш их шаарддаг. Ядаж л морь давхих зам, зам тавих гадас, мориноос харвах бай, бай нь олон янз байх ёстой гээд л материаллаг зүйлс их хэрэгтэй байдаг.
МОРЬТ ХАРВААГ НААДМЫН ТАВ ДАХЬ ТӨРӨЛ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА
-Энэ соёлоо цаашдаа яаж хөгжүүлье гэж төлөвлөж байна вэ?
-Н.Алтанхуяг: Морьт харваа бол дахиж сэргэж байгаа өв соёл гэдэг утгаар нь хөгжүүлнэ. Миний холын зорилго бол энэ харвааг үндэсний их баяр наадмын төрөлд оруулах явдал. Өнөөдөр наадмын талбай дээр цэдийсэн гэдэстэй, манж дээл өмссөн нөхөд харвах нь мэдэгдэхгүй наадамчид, жуулчдыг хүлээлгээд зогсдог. Уг нь жуулчдад эртэй цогтой, морь унаад харвадаг жинхэнэ эрэмгий дайчид, цогтой, эрсдэлтэй үзүүлбэрийг харуулах ёстой.
Анч дайчин, махчин шувууд болох харцага, бүргэд, шонхор зэргийг ан гөрөөнд сургахыг шувуулахуй гэж нэрлэсэн. Дэлхийд Falconry гэгддэг энэ соёлыг НҮБ-ын ЮНЕСКО-д найман улс албан ёсоор соёлын өв болгож бүртгэсэн байдаг.
-Б.Болдбаатар: Аль ч орны иргэн буюу жуулчид бидний өвөг дээдсийн сүр хүчийг морин дээр давхиж буйгаар харахыг хүсдэг. Бид яг л энэ талын морьтон гэсэн имижээр, түмэнд түгсэн нэрээ л нутагшуулж, наадмын нэг төрөл болгохын төлөө зорьж, хөгжиж байгаа.
Монгол наадамд сурын харваа, үндэсний бөх, морин уралдаанаас гадна шагайн харваа дөрөв дэх төрөл болсон. Одоо тэгвэл морьт харваа яагаад тав дахь нь болж болохгүй гэж.
-Аялал жуулчлалын компаниуд наадам, бүргэдийн баяраас өөр жуулчин татах олигтой бүтээгдэхүүн байхгүй гэж ярьдаг. Морьт харвааг аялал жуулчлалын бие даасан бүтээгдэхүүн болгоход хэр зэрэг анхаарч байна вэ?
-Б.Болдбаатар: Манай эрийн гурван наадмын төрлийг дэлхий дахинд этно спорт гэж нэрлэдэг. Дэлхийн этно спортын холбооноос санхүүжилтийг нь шийдэж, улс орнуудын язгуурын спортыг дэмжиж ажилладаг. Энэ хүрээнд мөн монголын шувуулахуй холбоо гэж бий. Шувуулахуй бас манай өвөг дээдсээс уламжилсан соёл. Морьт харваатай адил мартагдаад сүүлийн жилүүдэд эргээд сэргэж байна.
Анч дайчин, махчин шувууд болох харцага, бүргэд, шонхор зэргийг ан гөрөөнд сургахыг шувуулахуй гэж нэрлэсэн. Дэлхийд Falconry гэгддэг энэ соёлыг НҮБ-ын ЮНЕСКО-д найман улс албан ёсоор соёлын өв болгож бүртгэсэн байдаг. Шувуулахуйн болон монголын үндэсний морьт харвааны холбоо хамтраад таван жилийн өмнөөс жил бүрийн гуравдугаар сарын 5-нд Бүргэдийн баяр албан ёсоор зохион байгуулдаг болсон.
Энэ баярын үеэр бүргэд, шонхроо нисгэхээс гадна морьт харвааны үзүүлбэр үзүүлдэг. Сүүлийн гурван жилд гаднын компаниуд, тур операторууд морьт харваачид ирж, арга хэмжээнд оролцох эсэхийг их асуудаг болсон. Оролцоно гэвэл дахиад 300, 500 тасалбарын захиалга өгдөг. Энэ жил ч гэсэн оролцох эсэхийг асууж, хэрэв оролцох бол дахиад хэдэн мянган тасалбар борлуулах боломжтойгоо илэрхийлсэн.
Бүргэдийн баярын үеэр манай морьтнууд харваанаас гадна морин дээрээс шүүрэх эрдэм, тулам булаалдах буюу байлдааны бэлтгэл сургуулилалт болдог байсан үзүүлбэр, морин дээрээс барилдах зэрэг төрлүүдийг жуулчдад үзүүлдэг.
Цаашдаа энэ бүхнийг нийлүүлээд “Хуралдай” гэсэн аялал жуулчлалын арга хэмжээ болгохоор ярилцаж байгаа. Ирэх намар эсвэл дараа жилийн хавраас бараг хийчих болов уу. Хуралдай гэдэг нэрээ хүртэл ийм байдлаар таниулж, дахин нутагшуулахаар ярьж байгаа.
“Засгийн газрын мэдээ” сонин
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав