Улс төр
Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу

Агаар, орчны бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа ч завшиж, хамаарал бүхий хүмүүстээ ч олгон, шамшигдуулах болсон. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс”хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас сүүлийн 10 жилд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрт татвар төлөгч, гадаадын хандивлагчдын зээл тусламжаас ойролцоогоор нэг их наяд төгрөг зарцуулсан гэсэн албан бус тооцоо бий.
Утаа арилж, уушгины өвчлөл дорвитой буурахаар хөрөнгө зарцуулсан ч бахь байдгаараа. Яагаад ийм болсны учрыг ярих, бичих ч хэрэггүй, уншигчид гадарлаж буй. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, иргэдийн татварт төлсөн мөнгөөр халаасаа дүүргэдэг, улстөрчид нөлөөлдөгтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэх болсон. Улстөрчид нөлөөлдгийн бодит жишээ болсон нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Утааг бууруулах хөрөнгөөс завшигчдад
“Агаар чухал уу, мөнгө чухал уу гэж эргэлзээд байвал амьсгалахгүйгээр мөнгөө тоолоод үз” гэмээр байгаа юм.
ЦЭРГИЙН АНГИЙГ УТААГҮЙ ЗУУХТАЙ БОЛГОХ 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгах болсон. Өдгөө түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд буй билээ. Г.Нямдаваагийн холбогдсон хэрэгт сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татаж болзошгүй байгаа гэнэ. Прокурорын байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж буй аж. Төсвийн тухай хуульд “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Барилгын тухай хуульд “Барилгын ажлыг зураг төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, “Гранд повер” гэх компанид давуу байдал олгосон гэж БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж буйг ч АТГ-ынхан өнгөрсөн сард баталж байв.
“Гранд повер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулсан аж. Энэ бол 2015 оны наймдугаар сард болсон явдал. Тухайн үед АН УИХ-д олонх болж, Ч.Сайханбилэг Засгийн газар тэргүүлэн, Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан юм. Уг гэрээг байгуулахаас хоёр сарын өмнө буюу зургадугаар сарын 15-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 15/01 дугаартай тогтоол баталсан байна.
Түүний гурав дахь заалтад “Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт бус, шинэ дэвшилт техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, “Цэвэр агаар” сангийн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж арга хэмжээ авч ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай” гэсэн байна. Гэвч уг тогтоолыг зөрчин, нүүрсний хийгээр хангах шугам, сүлжээ барих, туршилт тохируулга хийх ажилд зориулан нэг тэрбум 965 сая төгрөг гаргах болж, уг ажлыг “Гранд повер”компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх шийдвэрийг сайд гаргасан аж.
Уг нь энэ бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шууд гэрээ байгуулах ажил биш байж. Энэ хуулийн 34.1.2-т оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол шууд гэрээ байгуулж болох заалттай. Тэгвэл нүүрснээс хий гаргаж, халуун усаар хангах үйлдвэрлэлийн 20 шахам патентыг иргэн С.Жамъянсүрэн, МУИС, иргэн П.Ариунболд гэхчлэн гадаад, дотоодын олон хүн, байгууллага эзэмшдэг атал дээрх заалтыг зөрчин гэрээ байгуулсан нь тодорхой болжээ.
“Гранд повер” компани хэрэв ажлаа гүйцэтгэсэн бол Хилийн цэргийн 0151 дүгээр анги 2015 онд дулаан хангамжаа шийдвэрлэчих боломжтой байсан гэдэг. Гэвч гурван жил хүлээсний эцэст улсын төсвийн хөрөнгөөр төвийн дулаан хангамжийн сүлжээнд өнгөрсөн оны наймдугаар сард холбогдсон байгаа юм. БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд ямар ч тооцоо, судалгаагүйгээр тухайн үед эрх барьж байсан намын удирдах албан тушаалтны шахалтаар “Гранд повер”-той шууд гэрээ байгуулсан гэх албан бус мэдээлэл байдаг. Тус компани 3050 метр хуванцар хоолой тавьсан байдаг бөгөөд түүнийг нь өдгөө ашиглах боломжгүй гэдгийг шинжээчид дүгнэсэн гэх. ТЭЗҮ-гүй, тооцоо судалгаагүй энэ ажилд татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр тэрбум шахам төгрөг зарцуулж, газарт булчихаад байгаа учраас гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх биз ээ.
“Гранд повер” компани тухайн үедээ нүүрс боловсруулах химийн үйлдвэрлэл явуулах туршлагагүй байсан гэж үзэх хүмүүс бий. Учрыг 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд буюу Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох дээрх гэрээ байгуулснаас хойш дөрвөн сарын дараа тус компанийн ажилчин гурван хүн үйлдвэрийнхээ байранд нас барж, тэднийг гаргахаар орсон найман хүн хийнд хордсон хэрэг гарч байсантай холбон тайлбарладаг юм билээ.
Юутай ч, эл компанитай хууль зөрчин шууд гэрээ байгуулсан хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нарыг шалгаж, яллагдагчаар тооцох, эсэхийг нь нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорууд шийдэхээр болоод байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа

Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.
1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.
Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.
Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.
Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.
Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.
Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.
2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.
Улс төр
Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.