Connect with us

Улс төр

Д.Эрдэнэбатын тушаалаар ЖДҮ сангаас гарсан 7.5 тэрбум төгрөг сонгуульд зарцуулагдсан уу

Нийтэлсэн

-

“Унасан бөхийг нэмж нулимдаггүй” монгол зангаа дагаж, АН-ын бузар булай бүхнийг уудалмааргүй л байна. Гэвч Монголын төрд урхаг тарьж буй улстөрчдийн тухай мэдчихээд мэдээгүй мэт суух шиг гэм нүгэл үгүй. Үзэгний үзүүр хөшиж, үгний утга зүйж суудаг сэтгүүлчийн үүрэг бол буруу, зөвийг баримттайгаар олон нийтэд дэлгэн үзүүлэх билээ. Өдгөө УИХ-ын гишүүний эрхэм сэнтийд заларч буй, өнгөрсөнд Аж үйлдвэрийн сайдын албыг хашиж байсан нэгэн хүний увайгүй, мунаг, улаан цайм үйлдлийг дэлгэж байна.

АН-ын төрийн эрх барьсан 2012-2016 оны хооронд төрийн мөнгийг ямар ч хараа хяналтгүй, баруун солгойгүй цацаж үрсэн, завшиж хөлжсөн хүмүүсийн нэг нь Д.Эрдэнэбат юм. Өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн өндөр дээд албан тушаалтнууд өөрсдийн компанидаа давуу эрхтэйгээр зувчуулсан гэх дуулиан дэгдэж байна. Тэгвэл үүний жинхэнэ “загалмайлсан эцэг”, эсвэл “эх баригч эмч” нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажээ.

Тэрбээр Аж үйлдвэрийн сайд байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг ганцаараа эзэрхийлж, эрх мэдэн олгодог байсан баримт бидний гарт байна. Тодруулбал, 2016 оны 03 сарын 22-ны өдөр эрхэм сайд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ыг шинэчлэн баталсан тушаал гаргажээ. Түүнд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Аж үйлдвэрийн сайдын тушаал болон банкны зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төслийн зээлийг олгоно” гэж цагаан дээр хараар бичээд баталчихсан байх юм. Өөрөөр хэлбэл, хэнд хэчнээн хэмжээний зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд дур мэдэн тушаана гэсэн заалт оруулжээ.

/Уг тушаалаас хойш ЖДҮ сангаас нийт 12 тэрбум 377 сая төгрөгний зээлийг ямар ч сонгон шалгаруулалтгүй олгосон байна./

Тун удалгүй үүнийхээ хэргийг харин ч нэг баруун солгойгүй ашигласан байгаа юм даа. Та бүхэн он сарыг сайтар ажиглаарай. Журам өөрчилсөн тухай тушаал 2016 оны гуравдугаар сард гарсан. УИХ-ын ээлжит сонгууль болохоос ердөө гурван сарын өмнө гэсэн үг. Энэ бол зүй ёсоор хардлага төрүүлэх сэжим билээ. Яагаад сонгууль болох гэж байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олгох эрх мэдлийг өөр дээрээ татан авчирч, сонгон шалгаруулалтаар олгох ёстой дүрэм журмыг эвдэн, зөвхөн өөрийн гарын үсгээр шийддэг болгож орхисон юм бол оо.

Үүнд хоёр тайлбар бий. Нэгдүгээрт, УИХ-ын ээлжит сонгууль болохоос өмнө эрх мэдэлтэй байгаа дээрээ аливаа хөрөнгийг дур мэдэн зарцуулж амжих гэсэн ад хүсэл, эрээгүй шуналаас үүдэлтэй алхам. Энэ бол тун ичгүүр сонжуургүй, ил цагаан үйлдэл. Монголчууд “Шунал ихдэхээр шулам болно” гэж хэлцдэг. Тэгвэл Д.Эрдэнэбат хэзээний шулам болчихсоны нотолгоо нь энэ тушаал юм. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ойрын хүрээлэл, дэмжигчид, нутаг усныхнаа хахуульдах, ая тал засах, төсвийн хөрөнгөөр тэтгэхийн тулд өөрөө мөнгө “тараадаг” эрх мэдэлтний дүрд тоглох хэрэгцээ шаардлага үүссэн байж болно.

2016 оны 04 сарын 15-нд “Хоёр тэрбум 652 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэсэн тушаалыг Д.Эрдэнэбат үзэглэжээ.

Үүнд ямар олон ноцтой зөрчил байгааг уншигч та анзаарч буй биз ээ. Зүй ёсоороо бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хэнд зээл олгохыг Аж үйлдвэрийн сайд байтугай, сангийн захирал нь ч бие даан шийдэх эрхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг тусгай комисс хуралдаж байж хэнд олгохыг шийддэг номтой. Гэтэл “Хоёр тэрбум төгрөгийн зээлийг шууд олгохыг тушааж байна” гэж мундагдаж байгаа Д.Эрдэнэбат та яасан мунаг юм бэ.

Мунаг гэх зүйрлэлийг аливаа дур хүслээ хорьж дийлэхгүй, бусдыг хүчирхийлэн эзэрхийлэх ёс суртахуунтай, болхи, бүдүүлэг нэгнийг оноон нэрлэхэд ашигладаг. Тэгвэл энэ удаа Д.Эрдэнэбатад тун зохиж байна. Төрийн өндөр дээд албан тушаалыг ашиглаж, хүч түрэмгийлэн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан нь хэтэрхий болхи харагдахын зэрэгцээ эрээгүй бүдүүлэг үйл юм.

Дээрх 2 тэрбум 650 гаруй сая төгрөгийг ямар ч шалгуур, болзолгүйгээр өгсөн нь улам ч хардлага төрүүлэх баримт. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд хэчнээн олон билээ. Тэдгээрийг хэдэн сар жилээр төслөө бичиж, сонгон шалгаруулалтад оролцохын тулд нүдээ хөхөртөл нойргүй хонож, итгэлээ чилтэл хариу хүлээн горь тасралгүй, орь тавилгүй харуулдаж байхад мань Д.Эрдэнэбат өрөөндөө сууж байгаад л үзэгнийхээ үзүүрээр хэнд хэдэн төгрөг олгохыг шийдэж байсан гэхээр ямар харгис, яасан гашуун санагдана вэ.

Д.ЭРДЭНЭБАТЫН ХОЁР НҮҮР, ХОМХОЙ ЗАН

Түүний ийм увайгүй үйлдэл хэдэн арваар тоологдохоор цааш үргэлжилсэн байгаа юм. 2016 оны 04 сарын 19-нд 71 дугаартай тушаалаар хоёр тэрбум 967 сая төгрөг олгохыг, 2016 оны 04 сарын 29-ны өдөр 77 дугаартай тушаалдаа 987 сая төгрөгийг “Буян-Од” ХХК-д олгохыг, 2016 оны 05 сарын 04-ны өдөр 79 дугаартай тушаалдаа хоёр төслийг нэг тэрбум зургаан зуун тавин долоон сая төгрөгөөр санхүүжүүлэхийг даалгажээ.

2016 оны 06 сарын 09-нд 98 дугаартай тушаалаа үзэглэхдээ “Экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор нийт 4 төсөлд 1.000.000.000 (Нэг тэрбум) төгрөг шууд олгохыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Болор-Эрдэнэд даалгасугай” гэжээ.

Эдгээр зээл нь цөм жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл байгаа нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөгтэй тун сайн уяж өгсөн шинж байдал харагдана. 2016 олгосон зээлийн хугацаа 2021 онд дуусна. Энэ хугацаанд аль ч нам, хүчин, хүн төрийн эрх барьсан нэгэнт олгосон зээлийг яаж ч чадахгүй гэсэн үг ээ. Ингэснээр өөрийн хамаарал, уялдаа холбоотой ч байж мэдэх олон бизнесийг арын хаалгадах, мундагдах байдлаар шууд хөхүүлэн дэмжсэн нь илэрхий боллоо.

Аж үйлдвэрийн сайдын ажил үүргийг ойлгож байна аа. Аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг баталж, дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь эрх мэдлээ давуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн дуртайдаа эрх мэдэн олгох эрхтэй гэсэн үг хараахан биш юм.

Арын хаалга, албан тушаалаа урвуулан ашиглахыг утгаар нь ийнхүү үлгэрлэсэн хэрнээ одоо хамгийн чанга орилж буй нь туйлын ичгэвтэр. Хулгайч л хулгайчийг бариарай гэж орилдог гэгчээр Д.Эрдэнэбат гишүүн саяхан болсон Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн форум дээр “Наад хэдэн төсөл шалгаруулсан юм бол нээлттэйгээр зарлаач ээ. Сонин хэвлэлд нээлттэйгээр гаргаад л тавьчих” гэж том хэхэрч суусан. Тэгвэл одоо түүнээс асуух асуулт байна. Та яг хэдэн төслийг ямар шалгуураар нэрлэж, шууд зээл олгосугай гэж гарын үсгээ мутарласан юм бэ. Түүнийгээ ил тод, илэн далангүй олон нийтэд мэдээлж чадах уу.

Одоо танд худал хэлэх нэр нүүр үлдээгүй. Таны өмнөөс таны хийсэн гэмт үйлдэл, баримт сэлт тань ярих болно. Та их ариун цагаан, шударга шулуун хүний дүрд тоглодог хүн байсан. Одоо ч дүр эсгэх гэж сүрхий чармайж байгаа байх аа.

УИХ-ын чуулганы танхимд та нэгэнтээ “Хайран ч Монголын төр, хайран ч Монголын ард түмний итгэл. Би 10 сарын өмнө “Та нар арай л бярдаад байна даа, хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замыг туулна даа” гэж хэлж байсан. 600 тэрбум долларын баялгийн нөөцтэй, гуравхан сая хүн амтай орны улстөрчид ийм арчаагүй байх гэж дээ. Нөгөө эр хүний жудаг энэ тэр хаана байна аа…” гэж ярьж байлаа. Тэгвэл таны тэр цэцэн яриа, эрийн сайхан жудаг хаачив аа. Төрийн хүн ийм хоёр нүүртэй, хомхой сэтгэлтэй байж болно гэж үү.

Наашаа харж шударга шулуун юм ярих хэрнээ цаашаа харж хамаг л хуудуутай, хулгайтай зүйлийг сэдэж, гардаж хийж ирснийг тань юу гэж ойлговол зохилтой вэ.

Улстөрчид эрх мэдлээ хадгалж үлдэх гэж, сандал ширээнээсээ тас зууран амь тавьдгийн учир энэ мэтээр цухуйсаар байтал ард түмнийг дахин мунхруулж чадна гэж итгэсээр яваа таны жинхэнэ мөн чанар аль нь вэ. Та бол хулгайч юм байна. Та бол дээрэмчин юм байна.

Төрийн хулгай, дээрэм дэндүү их газар авсны жишээ баримт ингэж ил боллоо. Төрийн мөнгийг дур зоргоороо өөр өөрсдийн савны хэрээр хувааж, хуйвалдаж, хулгайлж авдаг үзэгдэл Монголын төрд урхаг тарьж байна. Тэр тоолонд хэн ч, хэзээ ч хариуцлага хүлээж, ял зэм асууж байгаагүйн харгай өнөөдөр ингэж гарч байгаа юм аа. Бүр тодорхой хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, арын хаалгаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр төрийн мөнгийг тараасан хуучин засгийн мунаг сайд Д.Эрдэнэбат тантай хариуцлага тооцож, зэм асуух ёстой биз ээ. Хэрвээ Д.Эрдэнэбатын энэ урхагтай үйлдлийг тэр даруйд таслан зогсоож, хариуцлага нэхэмжилсэн бол төрийн мөнгийг хулгайлдаг, хумсалдаг, хувийн компаниуд руугаа гулсуулдаг үзэгдэл гаарахгүй байх байж. Тэгж болдоггүй юм аа гэдгийн бодит үлгэр, баттай нотолгоо нь болж Д.Эрдэнэбат сайдтан өдгөө төрийн ордонд биш, төмөр гянданд сууж байвал зохих байлаа.

Д.Эрдэнэбатыг гүндүүгүй шударга, гүдэс шулуухан хүн гэж тал засч, өвдөгнийх нь шороог гөвж өгч байсан олон хүн одоо ичих биз. Улс төрд эр нэг унаж, эрэг нэг нурдаг юм гэх зусрын үг, зулгуй зангаасаа одоо бид салж, төрийн албыг хувийн эрх ашигтаа хэрэглэсэн бүхнийг өршөөлгүйгээр шийтгэдэг болмоор байна. Тэгэхгүйгээр энэ улс оронд итгэл найдвар, шударга үнэн, хөгжил дэвшил гэгч зүйл хэзээ ч ирэхгүй нь. Д.Эрдэнэбат 2015 оны гуравдугаар сард АН-ын бүлгийн дарга байхдаа “Худлаа ярьж байгаа юм биш. Ам.долларын ханш 1000 төгрөгөөс бууна” гэж бурж байсан шүү дээ. Ядаж л энэ үгнийх нь “ацаг”-ийг гаргаж, хариуцлага нэхэмжлээгүй нь улстөрчдийг давраах аян шалтаг болж өгсөн ч юм билүү. Эцэст нь тооцох хариуцлага, асуух ял байхгүй учраас хэн дуртай нь юу бодсоноо бурж, юу хүссэнээ хийгээд явна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг төрийн өндөр албан тушаалтнууд үеийн үед хувьдаа завшиж, зувчуулж ирсний үүд хаалгыг цэлийтэл нээгээд гарч явсан Д.Эрдэнэбат эргээд тэр өрөөндөө орж ирэхийн хүслэнд автаад, их санаж суугаа. Уучлаарай, Монголын ард түмэн хүлцэнгүй хэдий ч тэнэг биш.

Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэдэг. Түүн лугаа Монголын ард түмнийг эрээлхэж нэрэлхэлгүйгээр элэг барьж, хууль ба төрт ёсыг ичгүүргүйгээр уландаа дэвсэлсэн тань мэтийг дахиж төрийн босгоор алхуулахгүй байх ухааны цараа байгаа байх шүү гэж найдна.

Монголын ард түмэнд улстөрчдийг шагнасан шигээ шийтгэх эрхгүй суугаа нь нэгэн бодлын өрөвдөлтэй. Ийм эрхгүй ард түмэн явгарч, тийм хазааргүй улстөрчдийн дур зорго гаардаг юм байна.

САНГИЙН ЯАМНААС Д.ЭРДЭНЭБАТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ НОТОЛЖЭЭ

Монгол Улсын Сангийн яамнаас 2018 оны тавдугаар сард Д.Эрдэнэбатын сонгон шалгаруулалтгүй олгосон зээлийн талаар дүгнэлт гаргаж байжээ. Тэнд эрхэм сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, завхруулсан болохыг нотолжээ. Монгол Улсын Тусгай сангийн тухай хуулийн 28.1-д “Тусгай сангийн санхүүжилтыг Төсвийн тухай хуульд заасны дагуу хийнэ” гэж заасан. Гэтэл Д.Эрдэнэбат тэрхүү хуулийг огт хэрэгсээгүйгээр үл барам санхүүжилт олгох журамд нь өөрчлөлт оруулж байгаад дураараа дургисан байгаа юм. Төсвийн тухай хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр, “Хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалт аргаар сонгоно” гэжээ. Мөн хуулийн 5.4.4 дэх заалтад “Төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангана” гэж тодорхой зааж өгчээ. Гэтэл дээрх хоёр хуулийн заалтыг ноцтой зөрчиж, чөлөөт өрсөлдөөн, сонгон шалгаруулалт, олон нийтийн хяналт зэргийн үнэр ч оруулсангүй. Төсвийн тухай хуулийн 24.4-д уг нь “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно” гэж бий. Энэ мэт олон заалтыг санаатай зөрчиж, тусгай сангийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр хуваарилан хувааж суусан байх нь.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах шалгуур уг нь маш өндөр гэж энгийн ард иргэд итгэдэг. Хэн дуртай бүхэн нь авдаггүй. Зээл авахын тулд сантай гэрээ байгуулж, барьцаа тавьж байж авдаг ёстой. Гэтэл Д.Эрдэнэбат сайд байхдаа 7 тэрбум 355 сая төгрөгийг барьцаа ч үгүй, сонгон шалгаруулалт ч үгүй шууд олгоод туучихсан байна. Ямар том эрх мэдэл, яасан их дур зорго вэ.

Гэтэл жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд хамрагдах нөхцөл хангаагүй гээд буцаагдсан хэчнээн олон компани, бизнес эрхлэгчид бий бол оо. Ердөө л нэг мунаг толгойлсон дүлзэн сайдын гарын хөдөлгөөнөөр хүсэл мөрөөдөл, амьдралын боломжоо заазлуулсан хөөрхий хүмүүст хэн шударга үнэн байдаг тухай дахин итгүүлэх болж байна аа.

Д.Эрдэнэбатын эз дийлж олгосон зээлүүдийн мөрөөр өдийд уг нь жигтэйхэн том том үйлдвэр сүндэрлэчихсэн, экспортыг дэмжиж, импортыг орлосон нэжгээд бараа бүтээгдэхүүн бий болчихсон байх байлаа шүү дээ. 300 саяын хөрөнгө оруулалтаар “Пини кэй” үртсэн шахмал түлшний үйлдвэр, мөн 300 саяар малын хүчит тэжээлийн үйлдвэр, 600 саяар эрчимжсэн гахайн ферм, 784 саяар ойн хаягдал боловсруулах үйлдвэр, 987 саяын хөрөнгө оруулалтаар “Буян-Од” тууш модон хийцийн үйлдвэр, 1 тэрбум 300 саяар бөөрөнцгийн үйлдвэр, 1 тэрбум 500 саяар аарц, цөцгийн тосны үйлдвэр байгуулагдчихсан байх байжээ. Өдгөө эд цөм “хулхин дээр ургасан цэцэг” болоод хагдарчихсан гэдэгт итгэлтэй байна.

Дээр дурьдсан Сангийн яамны дүгнэлтэд олон ноцтой баримт бас багтсан байна билээ. Тухайлбал, Д.Эрдэнэбат 2016 оны 02 сарын 08-ны өдрийн 25 тоот тушаалаар Газрын тосны үйлдвэр барихад зориулж 1.8 тэрбум төгрөгийг хүүгүйгээр 10 сарын хугацаатай олгосон байдаг. Тэгсэн атлаа гүйцэтгэл үр дүнг огт тооцолгүйгээр орхисон зөрчил илэрчээ. 10 сарын хугацаанд газрын тосны үйлдвэр барина гэж хүүгүйгээр төрөөс мөнгө гаргуулаад, гүйцэтгэл тайлан ч өгөлгүй замхраад алга болсон гэсэн үг. Үйлдвэр баригдаагүй бол хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Эсвэл үгүй юм уу.

Ийм замаар мөнгө угаасан байж ч болно шүү дээ. Энэ их мөнгийг хадгаламжинд хийгээд зөвхөн хүүг нь идээд суухад л олон хүний хүсч мөрөөдөөд ч олж чадахгүй тогтмол орлогыг хуримтлуулж чадна.

Д.Эрдэнэбат 2016 оны УИХ-ын сонгуульд болсны дараа, албан тушаалаа өгөх нь тодорхой болсны хойно ч энэхүү хууль бус үйлдлээ яаран үргэлжүүлсэн байдаг. Тухайлбал, 2016 оны 07 сарын 01-нд хоёр компанид 225 сая төгрөгийн зээлийг, 2016 оны 07 сарын 07-ны өдөр бүр 1 тэрбум 327 сая төгрөгийн зээлийг яаран олгохыг мөнөөх Б.Болор-Эрдэнэдээ яаран тушаасан байгаа юм. Энэ үе бол Ардчилсан нам сонгуульд ялагдсан нь тодорхой болчихсон, Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхөөс дөнгөж өмнөх үе билээ. Их л сандарч зээлийн шийтгэвэрт гарын үсэг зурсны нотолгоо нь “Утаагүй шахмал түлшний үйлдвэрийн төсөл”-д мөнгө олгосон явдал юм. Д.Эрдэнэбатын зээл олгосон төслүүд нь үнэндээ хүнд хэлэхэд ч ичмээр “дамшигууд” байсан нь сайн шинжилбэл илэрхий болно. Жишээ татахад, дээд зэрэглэлийн усны үйлдвэрийн төсөлд 300 саяыг, мөсний үйлдвэрийн төсөлд 500 саяыг олгохыг тушаажээ.

Уншигч та итгэж байна уу. Мөс үйлдвэрлэхэд зориулж 500 сая төгрөг олгосон байна шүү дээ. Ямар агуу их ухаан бэ. Уг нь мөс үйлдвэрлэхийн тулд Монголд бол өвөл болохыг хүлээхэд л хангалттай биш гэж үү. Улстөрчдийн энэ мэт увайгүй үйлдэл, ичгүүргүй байдлыг ойлгоход ухаан хайрла…

Эцэст нь нэг л зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. Монгол Улс бол ядуу, мөнгөгүй улс биш юм байна. Харин тэрхүү баялаг, хөрөнгө мөнгийг улс орон, ард түмэнд ирж наалдахаас нь өмнө хомхойрон ховх сордог “хөгийн, хогийн царайлсан” хэдэн хөсрийн улстөрчидтэй улс юм байна аа.

Б.Хурцболд

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим