Нийгэм
Эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг өндөр хөгжилтэй улсад сургана
Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчинг бэлтгэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг дэлхийн долоон улсад суралцуулж мэргэжил дээшлүүлэхээр боллоо.
“Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан гээд нийт 139 хүнд суралцах боломжийг нээж өглөө. 31 чиглэлээр Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс гэсэн долоон оронд 5-160 хоногийн сургалтад суралцуулна. Эдгээр орны сургалтын зардлыг засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд 534.5 сая төгрөгийн төсвийг гаргахаар болжээ. /Суралцагчдын мэргэжил, харъяа байгууллагыг дэлгэрүүлэн буулгав./
СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ:
- Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
- Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
- Дурангийн мэс засал – 1
- Хүүхдйн дурангийн мэс засал – 1
- Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
- Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
- Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
- Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
- Нүдний даралтын мэс заслын технологи – 1
- Окулопластик мэс заслын технологи – 1
- Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
- Хүүхэд судлал – 2
- Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
- Хүүхдийн хавдрын мэс засал – 3
- Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
- Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
- Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
- Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
- Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
- Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
- Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
- Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
- Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
- Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
- Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
- Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
- Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
- Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
- Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
- Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
- Зайн анагаах ухаан – 7
СУРАЛЦАХ ГАДААД УЛСААР АНГИЛБАЛ:
- Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
- Япон Улсад – 26
- Оросын Холбооны Улсад – 14
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
- Шинэ Зеланд Улсад – 2
- Бүгд Найрамдах Франц Улс – 1
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГААР АНГИЛБАЛ:
- Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
- Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
- Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
- Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
- Хавдар судлалын үндэсний төв – 13
- Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
- Эмгэг судлалын үндэсний төв – 6
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
- Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
- Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг –1
- Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.