Нийгэм
ОЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 35 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙГАА Б.ОТГОНСҮРЭН “ҮСЛЭГ ЭДЛЭЛИЙН УРЛААЧ ЭХНЭРЭЭ ОЙ СУДЛААЧ” БОЛГОСОН

өвсгөл аймгийн уугуул үхэрчин, саальчин гэр бүлийн зургаан хүүхдийн отгон хүү. Ээжийнхээ саалийн үнээг эвлээж өслөө гэж багын дурсамжаа хуваалцахдаа өнөөдөр юм шиг л тодхон нэгд, нэгэнгүй санаж байгаа нь илт байсан юм. Дунд сургуульдаа сурлагаараа дээгүүр ордог. Физикийн хичээлдээ дуртай авто инженер болно гэж боддог байжээ. Хөвсгөл аймгийн таван сумыг хамардаг, сум дундын сургуулийн хүүхэд аймагт очиж хувиараа сонгоход ганц ирсэн авто инженерийн ангийг алдсан ч шалгалтгүй хувиар сонгох босгыг хангаж, ойн инженер болохоор 1980 онд Хөдөө, аж ахуйн сургуулийн оюутан болж Улаанбаатар хотод иржээ. Энэ цагаас эхлээд эргэлт буцалтгүй ойн хүн болсон. Үүнийгээ хувь тавилан гэж бодож энэ салбарт 35 жил 11 сар тасралтгүй ажиллаж байна хэмээн ажил мэргэжлээрээ бахархан ярих Батгомбын Отгонсүрэн гуай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах шинжээч хийдэг. Ой модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад сэтгэл, зүтгэл гарган ажилласан хөдөлмөр гавьяаг нь төр, засгаас өндрөөр үнэлэн түүнийг Төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэмдгээр шагнасан юм.
Танд салбартаа 35 жил ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан баяр хүргэе.
– 1985 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн ойн аж ахуйн инженерийн ангийг төгссөн. Анхны томилолт нь тухайн үеийн ой модны аж үйлдвэрийн яамны харьяа, ойн хайгуул , үйлдвэрлэл, шинжилгээний институциийн ойн хайгуул зохион байгуулалтын экспедицэд техникчээр томилолтоор ирсэн. Түүнээс хойш 35 жил 11 сар Ойн салбартаа тасралтгүй ажиллаж байна. Өөрийнхөө боловсрол, мэдлэгийг хүрээнд хичээж ажилласныг минь үнэлж, хамт олноосоо тодорхойлогдон шагнагдсанд баяртай байна.
Ой бол оршин буйн үндэс гэдэг. Мэргэжлийнхээ бахархал, онцлогийг дурдвал
Би мэргэжлээ сонгоод ХААИС-ийн ойн аж ахуйн ангид суралцахаар ирэхэд багш нар маань “ой бол ус, Ус бол ургац, ургац бол амьдрал” гэж том эрдэмтний хэлсэн үгийг хэлж байлаа. Үнэхээр ой, ус хоёр бол харилцан шүтэлцээтэй. Байгалийн бурхнаас заяасан үнэлж барахгүй өгөөмөр баялаг юм. Өөрөөр хэлбэл ус байж ой ургана, ой ургаад усаа хамгаалж байдаг. Энэ их үйлсэд 35 жил өөрийнхөө ажил, хөдөлмөр, сэтгэлээ зориулан ажиллаж яваагаараа бахархаж байна. Миний ажлын онцлог бол Монгол улсынхаа ойн нөөцийг байгаль орчны тэнцвэрт ямар үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, тооцоолж, тоолж, судалдаг энэ чиглэлээрээ мэргэшиж ажилласан. Ойн үүрэг төлөв байдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалж, хамтран ажиллаж байна.
Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
Би охин, хүү хоёртой. Манай гэр бүлийн хүн үслэг эдлэлийн чиглэлийн мэргэжилтэй. Үслэг эдлэлээр хувцас урлана. Би бол эсрэгээрээ байгаль хамгаалагч хүн. Бидний хооронд зөрчил гарна. /инээв/ Жишээ нь эхнэр 101 гөлөг гэдэг кинонд дээр гардаг шиг. Найз маань нохойтой болоход би “хөөрхөн амьтан” гэж харж байхад, манай эхнэр харж байснаа хүрэм хийвэл сайхан загвар гарах нь гээд найз сандраад “би нохойгоо нуулаа” гэж байсан удааг тод санагдаж байна. Энэ мэт мэргэжлийн онцлог зүйлс гардаг . Гэхдээ миний ажлыг их дэмжиж, сүүлийн 10 гаруй жил хамтран ойн судалгааны чиглэлээр хамтран ажилласан. Байгаль орчинд ой ямар чухлыг, хэрэв ой байхгүй бол бидний бахархаад байгаа Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Хэрлэн мөрөн, Туул гол маань байхгүй болох юм гэдгийг ойлгоод миний мэргэжлээр бахархдаг. Миний охин Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, Солонгост мэргэжил дээшлүүлээд Ногоон хөгжлийн институтэд ажиллаж байна. Хүү авто инженер. Хүүхдүүд маань байгальд их ойр өссөн. Би 25 жилийн турш ойн хайгуул судалгаа хийгээд зуны таваас арван сарын хугацаанд ойгоор явдаг байлаа. Эн үед хүүхдүүд маань хөлд орох, хэлд орох үеэсээ эхлээд л надтай хамт явдаг байсан. Иймээс Хэнтий, Хангай, Соёны гэдэг шиг л байгалийн зураглалыг сэтгэлдээ шингээж, мэдлэгтэй өссөн гэж боддог.
Залуу байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдэд юу гэж зөвлөх вэ?
Бид бол хоёр нийгмийн системийг дамжсан хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед төлөвлөгөөний дагуу суралцаж, бэлтгэгдэж байсан. Би бол 1985 онд төгсөөд шууд хувилагдаж томилогдож байлаа. Харин одоо залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, гадаад харилцаагаа тэлэх, мэдээлэл судалгаа илүү авах боломжтой болсон. Нэг зүйлд сэтгэл хангалуун явдаг. Манай ойн чиглэлийн мэргэжилтнүүд гадаад хэлний өндөр боловсролтой хүмүүс бэлтгэгдэж байна. Иймээс гадаадын туршлагыг судлах, хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул ойн салбарын ирээдүйг гэгээтэйгээр хардаг. Одоогийн залуус маань дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болж байгаад маш их сэтгэл хангалуун байдаг. Иймээс олон улсын жишигт ажиллах хэрэгтэй. Ойн ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж байна.
Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх, илүү их амжилт хүсье.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.